НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирнэ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны 4 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.

А.Гутерреш нь 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ба хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгон ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 4 удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа