УИХ-ын дарга Г.Занданшатар Түрэг судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор, доктор Музаффер Шекер, Измир Катип Челеби Их сургуулийн ректор, профессор, доктор Саффет Көсе, Монгол Улсын Их сургууль, Измир Катип Челеби Их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн Турк талын захирал, профессор, доктор Шабан Доган тэргүүтэй төлөөлөгчдийг 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улс, Турк Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж профессор, доктор Шабан Доганийг “Найрамдал” медалиар шагнав.
Измир Катип Челеби Их сургуулийн ректор, профессор, доктор Саффет Көсе УИХ-ын даргыг цаг зав гарганхүлээн авч уулзаж байгаад онцгойлон талархал илэрхийлье хэмээгээд хоёр улсын боловсролын байгууллагуудын хамтарсан багийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа талаар танилцуулав. Хамтрасан багийн судлаачид Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү хааны байгуулсан Аладагийн хотын туурийг саяхан нээж илрүүлээд байгаа. Судлагааны ажил амжилттай үргэлжилж байна. Тэрбээр, бидний эрдэм шинжилгээ, судлагааны хамтын ажиллагаа маань хоёр улсын төдийгүй дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах үр дүнтэй байна гэж найдаж байна хэмээв.
УИХ-ын дарга Г.Занданшатар хамтарсан багийнхан хоёр орны төдийгүй дэлхийн өв соёлд ихээхэн хувь нэмэр оруулах үр дүнтэй шинжлэх ухааны судалгааны ажил хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийлэв. Газар доорх нууцад нэвтэрч олон олон дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна гэдгээ хэлсэн юм. Тэрбээр, Хүлэгү хааны олдвор дэлхийн бусад улсуудаас олдож байсан Монгол хаадын холбогдолтой дөрөв дэх олдвор болж байна. Энэ бол Монголчууд зөвхөн нүүдэлчин хот байгуулж байсан гэдгийг харуулсан үнэ цэнтэй юм. Монголын болон бусад улс орны археологчид Орхоны хөндийд Монголын долоон эзэнт гүрний нийслэл хотын туурийг амжилттай илрүүлээд байна. Та бүхний хамтарсан баг Монгол, Турк улсуудад хийж буй судалгаа, шинжилгээ, археологийн судалгаанаас олон баримт нотолгоог олж илрүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл