Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреший 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр “Тантай Бээжингийн Олимпийн үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн “Ковид-19”, олон улсын хямрал, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа, дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав.

Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулан, “Дижитал үндэстэн” болох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа