Эрдэнэт үйлдвэр, “Зүүнбаян төмөр зам” компани хамтран мод тарихаар, санамж бичигт гарын үсэг зурлаа
“Говийн бүсийн төмөр замын гол тулгамдсан асуудал нь элсний нүүдэл байдаг. Үүнээс хамгаалж, цөлжилтөөс сэргийлэхийн тулд төмөр зам дагуу мод тарьж, ногоон байгууламж бий болгох чиглэлд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн нөөцийн төвтэй хамтрана. Ургах чадамжтай модны үрийг зориулалтын дагуу нутагшуулахад тус төвийн мэргэжилтнүүдээс заавар, зөвлөмж авч ажиллана. Мод үржүүлэх, тарих технологийг шинжлэх ухаанд тулгуурлан нэвтрүүлж буй тус төвөөс туршлага судлан, хэрэгжүүлнэ гэж “Зүүнбаян төмөр зам” компанийн захирал Д.Банзрагч хамтын ажиллагааны зорилтоо тодорхойлов. Өнөөдрийн байдлаар, Зүүнбаянгаас Тавантолгойн чиглэлд баригдаж буй 416 км төмөр замын бүтээн байгуулалт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ бүсийг ойжуулах зорилтын хүрээнд тус компани 16 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төсөл, Ойн генетикийн нөөцийн төвийн мэргэжилтнүүдийн мэдлэг зөвлөмж, туслалцааг авч ажиллана гэж онцоллоо.
Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд Л.Халтар, төмөр замын байгууллагуудын удирдлагуудын хамт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн дэргэд шинээр байгуулагдсан Ойн генетикийн нөөцийн төв, мод тарих ажлын үйл явцтай танилцсан юм. Тэрээр мод тарих, говийн бүсийн төмөр зам дагуух газар нутгийг ойжуулах чиглэлд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахаар шийдвэрлэсэн нь ийнхүү бодит ажил болж байна.
Сэтгэгдэл