Монгол Улс, Европын Холбоо хооронд хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийн хугацааг сунгах Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз нар гарын үсэг зурж, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар байлцлаа.

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Санхүүжилтийн хэлэлцээрт туссан нийт долоон шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг бууруулах, үнэлгээг хойшлуулах хүсэлтийг Европын холбоонд уламжилсан. Энэ дагуу Европын холбоо “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийн хугацааг 2024 он хүртэл сунгалаа.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Европын холбоотой харилцан тохирсон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд олгох 43,0 сая евротой тэнцэх шууд төсвийн дэмжлэгээс одоогоор эхний хоёр санхүүжилт болох 22,2 сая еврогийн дэмжлэгийг хүлээн аваад байна. 

Европын холбоо нь Монгол Улсын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих, иргэний нийгмийг хөгжүүлэх, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр буцалтгүй тусламж олгож, нийгэм, эдийн засгийг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ирсэн юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа