Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга Г.Мөнхцэцэг болон албаны бусад хүмүүс Япон Улсын Атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Тамгын газрын дарга Г.Мөнхцэцэг Япон Улсын Атомын энергийн агентлагаас 10 гаруй орны тэр дундаа Монгол улсын цөмийн энергийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр” үр дүнгээ өгч байгааг онцлоод талархал илэрхийлэв.  Мөн МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох тус агентлагаас манай улсад хамтран хэрэгжүүлж буй хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн үр дүнг танилцуулав.

Одоогийн байдлаар, Япон улсад зохион байгуулагдсан сургагч багш бэлтгэх “Ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ”, “Гадаад орчны хяналт, шинжилгээ” хөтөлбөр болон Цөмийн реакторын аюулгүй байдлын чиглэлийн олон улсын сургалтад Мэргэжлийн хяналтын байгууллагаас 9 улсын /ахлах/ байцаагч хамрагдаад байгаа юм. Эдгээр сургагч багшийн зохион байгуулсан үндэсний дагалдах сургалтуудад давхардсан тоогоор цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж буй 50 орчим улсын байцаагч хамрагдаж, мэргэшсэн байна.

Уулзалтын үеэр талууд цаашид зохион байгуулах сургалт, хөтөлбөрүүдэд хамруулах улсын /ахлах/ байцаагчийн тоог нэмэгдүүлэх, гадаад орчны хяналтыг сайжруулах болон ослын бэлэн байдлыг хангах чиглэлээр хийж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа