Өнөөдөр Соёл урлагийн Эрдэнэт цогцолбор, Эрдэнэт медикал эмнэлэг хамтран эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйг хөгжмийн ая эгшгээр тайвшруулах зорилгоор “Аялгуут өглөө” сэдэвт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт медипас эмнэлгийн эмч сувилагчдын төлөөлөл,Соёл спортын Эрдэнэт цогцолборын уран бүтээлчид оролцов. Ийнхүү Монгол улсад анх удаа увдис аялгуугаар өнөөдрөөс эхлэн Эрдэнэт медикал эмнэлэг өвчтөнүүдэд үйлчилж эхэллээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх:
“2022 оны 4-р сарын 6-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч хуучин Медипас эмнэлгийг Эрдэнэт медикал төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон өөрчилж Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжүүлснийг та бүхэн мэднэ. Энэ оны 4-р сарын 18-аас Эрдэнэт үйлдвэрийн харьяанд Эрдэнэт медикал эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 4 сарын хугацаанд тус эмнэлэг 16 мянга орчим хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн 7000 мянган уурхайчид, ахмадууд, МШӨ-үүд нийт 10 гаруй мянган хүмүүсийг Эрдэнэт үйлдвэр 100 хувь санхүүжүүлж эмнэлгийн үзлэгт хамруулан эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр үйлчлүүлэгчдийн өвчний оношийг эрт илрүүлэх болсон. Тэгэхээр эмнэлгээр үйлчлүүлэгчид яагаад заавал өвчнөө мэдэрч шаналж зовж явах ёстой юм. Хүлээлгийн танхимд байхдаа үйлчлүүлэгч өвчний зовууриа мартан хөгжмийн аялгуу сонсон дараагийн үйлчилгээ авах нь сэтгэл зүйн хувьд ач тустай. Ер нь барууны эмнэлгүүд үүдээр нь ороход л таван одтой буудалд орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Нэг эмэгтэй төгөлдөр хуур тоглоод сууж байх жишээтэй. Ийм жишгээр хөдөө орон нутагт энэ менежментийн нэг хэлбэрийг эхлүүлж байна. Цаашид зөвхөн Орхон аймгийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдад бус хойд бүсийн аймгуудын ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ. Ер нь бид эм эмнэлгийн мэргэжлийн татан авалтыг оновчтой зохион байгуулах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөөд байна. Уул уурхайн компани зөвхөн зэс олборлох бус баялаг бүтээгчдээ эрүүл байлгах, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хувь нэмрээ оруулахын төлөө анхаарал тавин ажиллана” хэмээн онцлов.
-Эрдэнэт медикал эмнэлгийн Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч Л.Туул: “Тус эмнэлэг 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2022 оны 4-р сарын 6-нд Засгийн газрын тогтоол гарахаас өмнө Монголын эмнэлгүүдийн хэмжээнд япон менежментийг нутагшуулахыг бид зорин ажиллаж байлаа. Манайх хувийн хэвшлээс Төрийн өмчит эмнэлэг болсон ч зургаан жил хэрэгжүүлсэн япон менежментийг цаашид ч үргэлжлүүлнэ. Өглөө бүр сувилагчид тангаргаа уншиж,үйлчлүүлэгчдээ угтдаг. Тасгийн дарга нар тухайн өдөр хийх онцлог ажлаа ярилцдаг. Энэ оны 4-р сарын 18-аас Эрдэнэт үйлдвэрийн харьяанд Эрдэнэт медикал эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өмнө нутагшуулчихсан менежмент дээрээ дэлхийн том эмнэлгүүдэд хэрэгжиж байгаа өвчтөнүүдийг увдист аялгуугаар эмчлэх, өөрөөр хэлбэл хүнийг таван мэдрэхүйгээр нь эмчилж тайвшруулж, дараагийн үйлчилгээг үзүүлэх зорилготой энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Ингэснээр тухайн өвчтөнд очих үйлчилгээ илүү үр дүнтэй байх болно” гэв.
Сэтгэгдэл