Монгол Солонгосын сэтгүүлчдийн зөвлөлдөх уулзалт болов
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийж байна.
Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага 2014 оноос эхлэн хамтран ажиллаж буй бөгөөд 2019 онд хоёр орны сэтгүүлчдийн анхдугаар форумыг зохион байгуулж байв. Цар тахлын улмаас завсарлаад байсан хоёр байгууллагын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх бодлогоо МСНЭ-ийн удирдах зөвлөл болон БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл өнөөдөр зөвлөлдөж уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар болон бусад удирдлагууд, БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун, дэд ерөнхийлөгч Гү Ён Шиг, Ким Хе Вон, Им Вон Шиг, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Ким Сан Хён нар оролцлоо.
МСНЭ-ийн зүгээс хоёр байгууллагын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах санал тавив. Монгол-Солонгос сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг зохион байгуулах хугацааг ойрын хугацаанд төлөвлөж, БНСУ-д зохион байгуулахаар боллоо. Хоёр байгууллагын төлөөлөгчдийн харилцан туршлага солилцох ажлыг илүү манлайлал хэлбэрт шилжүүлэхээр тохиролцов.
МСНЭ-ээс сэтгүүлчдээ БНСУ-д богино болон урт хугацааны сургалтад хамруулах тал дээр эхний шатны яриа хэлэлцээг байгууллаа. Энэ хүрээнд хоёр талаасаа санаачлагатай ажиллаж ойрын хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарахаар болов.
Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр зөвлөлдлөө. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хоорондыг холбох ажлыг сэтгүүлчдийн холбоод зохион байгуулж, гүүр болон ажиллана. Редакци хоорондоо олон талаар хамтран ажиллах талаар эхний санал гарав.
МСНЭ болон БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь хоёр орны хэвлэл мэдээллийн хоорондын харилцаанаас гадна аялал жуулчлал, соёл зэрэгт үлгэр болохуйц ажлыг санаачлан хэрэгжүүлдэг байхаар ярилцлаа.
Хуурамч мэдээлэл, дэлхийн дулаарал гэх мэт сэдвийн хүрээнд дараа дараагийн туршлага солилцох айлчлалыг зохион байгуулахаар санал гарав гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээллээ.
Сэтгэгдэл