Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа Уул уурхайн 7 хоногийн хүрээнд “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн Улаанбаатар хотноо “Стэп Арена” ордонд Лхагва гаригт нээгдлээ. 2022 оны 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд компаниуд уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэх технологи, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

     Мөн  эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр төрөл бүрийн семинарууд, тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд өдөр бүр зохион байгуулагдах юм.

     Энэ жил Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхай, газрын тосны 11 дэх удаагийн үзэсгэлэнд онцгой ач холбогдол өгч оролцож байна. Энэ жилийн тухайд уул уурхайн компаниудад модлог өвслөг ургамлын үр, тарьц, суулгац санал болгож, харилцаа холбоо тогтоосноороо онцлогтой болж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарих амлалт авсан. Энэ амлалтаа биелүүлж, Монголдоо анх удаа “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийг байгуулаад байгаа. Тус төвд 1000 тн багтаамжтай модлог, өвслөг ургамлын үр, тарьц, суулгац хадгалах зоорь бий. Монгол оронд ургадаг бүх төрлийн модлог ургамлын үрийг энд хадгалсан. Тиймээс “Тэрбум мод” тарих хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдэдээ модны үр санал болгох, хамтран ажиллах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд бэлэн байгаагаа танилцуулахаар үзэсгэлэнд оролцож байгаа юм. Мөн Засвар механикийн заводод үйлдвэрлэдэг сэлбэг хэрэгсэл, бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийг анхаарлыг татаж байв. Тус завод нь үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүдийг өөрсдөө үйлдвэрлэдэг төдийгүй цаашид улсдаа машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх том зорилготой. 

     Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болж байна. Mongolia Mining-2022 олон улсын үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарыг олон улсын зах зээл дээр сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар зохион байгуулагчид зорьж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа