Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан ахмад үеийнхнийхээ алдар гавьяа, хөдөлмөр зүтгэлийг цаг ямагт санаж, талархаж байх учиртай. Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа. Нийгмийн хариуцлагатай үйлдвэрийн хувьд өчигдөр, өнөөдөр, маргааш гэдэг гурван үеийн залгамж чанарыг бэхжүүлж, анхдагч ахмад үеэ хүндэтгэн ачлах нь Эрдэнэт үйлдвэрийн эрхэм зорилтуудын нэг юм. 

-Залгамж чанар гэдэг маш чухал. Үүнд Ахмадын зөвлөл онцгой үүрэгтэй гэж ойлгодог. Энэ ч утгаараа Эрдэнэт үйлдвэр дэргэдээ идэвхтэй, хүчтэй ахмадын байгууллагыг дэмжин, хамтран ажиллаж байна. Үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн бодлого чиглэл, зорилт,  онцлог, давуу талын тухайд тодруулж асууя?  

-Ахмад настны тухай Монгол Улсын хуулийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжүүлэх үйл ажиллагааг үйлдвэрийнхээ удирдлагатай хамтран зохион байгуулах эрхэм үүргийг манай Ахмадын нэгдсэн зөвлөл хариуцаж ажилладаг. Үйлдвэрийн анхны ээлжийг ашиглалтад хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдсаны 45 жилийн  ой тохиож байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулаад өнөөгийн түвшинд хүргэлцсэн 2737 ахмад манай байгууллагад хамрагдаж, тэдний маань хойч үе, гарын шавь нар нь өнөөдөр төрөлх үйлдвэрээ нэр төртэй ажиллуулж байгааг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Манай ахмадууд хэний ч өмнө бахархах бүтээсэн зүйлтэй, залуучууддаа бэлтгэж өгсөн гэрэлт ирээдүйтэй, хэний ч өмнө бахархан хэлэх дурсамжтай баатарлаг уурхайчид билээ. Тиймийн учир “Эрдэнэтийн-Овоо”-той хувь заяагаа холбосондоо баярлаж, барьж байгуулсан үйлдвэр, хотынхоо хөгжилд сэтгэл дүүрэн  яваа ахмад үеийнхэндээ  бид хэзээ ч талархах учиртай.  

Ахмад настны тухай Монгол Улсын хуулийн бүх заалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж,  Монгол улсад өөр хаана ч эхлүүлж чадаагүй байгаа  “Нэмэгдэл тэтгэвэр”-ийг ахмадууддаа олгож, ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон журам, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа үйлдвэртээ манай ахмадууд сэтгэл хангалуун байдаг. Үйлдвэрийн ахмадын байгууллагын хувьд үйлдвэрээс ахмадын талаар цаашид баримтлах бодлого шийдвэрт тусгуулах, хамтарч хэрэгжүүлэх ажлын саналаа боловсруулан захиргаандаа танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажилладаг. Бид саяхан үйлдвэрийн захиргаа - Ахмадын байгууллагын  хамтын ажиллагааны 12 заалт бүхий төлөвлөгөөг захиргаагаар батлууллаа. Эдгээр ажил, арга хэмжээ нь үйлдвэрийн 45 жилийн ойг угтах хүрээнд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковид цар тахлаас шалтгаалан олон нийтийг хамарсан арга хэмжээ хязгаарлагдсан. Энэ үеийг хэрхэн даван туулав? Одоо үйл ажиллагаа хэвийн горимд үргэлжилж, төлөвлөсөн ажлуудаа зохион байгуулж эхэлсэн байх? 

-Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бид ахмад бүртэй байнгын утсан холбоотой байж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлж зуршихад чиглэсэн заавар, зөвлөгөө, удирдамжаар хангаж, эрүүл мэндийн байдал, байршил, сэтгэл зүйг хянаж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Олон улсын Ахмадын баяр, Ахмадын өдөр, Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэхэд нь зориулан үйлдвэрээс ахмад настан бүрд олгодог 45 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ оны 4-р сараас нийтийг хамарсан  үйл ажиллагаагаа сэргээж соёл спортын уламжлалт уралдаан тэмцээнүүдээ зохион байгуулж байгаа. 

Үйлдвэр маань анхнаасаа л нийгмийн өндөр хариуцлагатай байж ажилтныхаа нийгмийн асуудлыг үлгэр жишээ шийдсээр ирсэн. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулалцсан, илгээлтийн эзэд, анхдагчид, зохион байгуулалттай элсэлтийнхэн, чөлөөт элсэлтийнхэн гээд бидэнтэй хамт барьж байгуулж, зүтгэж хөгжилдөж явсан олон мянган ахмад настан харьяалах газаргүй, хандах хүнгүй явцгааж байгаатай харьцуулахад  үйлдвэрийн ахмадуудын нөхцөл харьцангуй боломжийн байгаа. Манайхан үүнийгээ Эрдэнэт уулын минь буян, үйлдвэрийн минь буян гэж шүтэж хүндэлж явцгаадаг. Сүүлийн богинохон хугацаанд юмны үнэ, түүний дотор эмийн үнэ маш ихээр нэмэгдэж үйлдвэрээс минь олгодог нэмэгдэл тэтгэвэр эмчийн бичсэн жорыг бариад аптекаас эм авахад хүрэхгүй түвшинд болсон.  

-Ахмадын нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаа, олон арга хэмжээ, уралдаан тэмцээний зардлуудаа яаж бүрдүүлдэг вэ? Ер нь тэднийг идэвхжүүлэх, аливаад хамрагдах оролцоог нь нэмэгдүүлэх талаар ямар санаачилгатай ажилладаг вэ?

-Үйлдвэрийнхээ санхүү, эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг дэмжиж үйлдвэрээс олгодог байсан соёл, спорт, урлагийн арга хэмжээ, аялал жуулчлал, витаминжуулалтын төсөв зардлаасаа татгалзаж,  эдгээр арга хэмжээнүүдээ бид өөрсдийн  дотоод хуримтлалаараа санхүүжүүлж ирлээ.

Ахмадуудын ажиллаж байсан бүтцийн нэгж нь уламжлалт баяруудаар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх гэж баахан сандарцгаадаг. Тэдэнд энэ зорилгоор зарцуулах төсөв хөрөнгө байдаггүй нь хүндрэлтэй ч тэд авхаалж самбаа, сэтгэл гаргаад хувиасаа мөнгө төгрөг нийлүүлээд, ямар нэг байдлаар ахмадаа баярлуулдаг. Тухайн цехийн зардлын төсөвт ахмадынх нь тоогоор тодорхой халамж үйлчилгээний мөнгө суулгаж, түүнийгээ хэзээ, хэндээ дэмжлэг үзүүлэхийг цехийн дарга нь шийдчихдэг бол зүгээр юм уу, гэж захиргаанд хүсэлт гаргасан.  Ахмад настан, хүүхэд хоёр адилхан гэдэг. Бага юманд их баярлаж, хүний санаанд оромгүй өчүүхэн зүйлд голдоо ортол гомддог. Ажиллаж байсан цех хэсэг, ажлын байр, хамт олноо их санана. Тийм болохоор тэдэнд сэтгэл, урам, хандлага, харьцаа, анхаарал хэрэгтэй байдаг. Тийм болохоор тухайн цех хэсгийн залуу удирдлагууд ахмадуудаа таньж мэддэг, байнгын холбоо хандлагатай байгаасай гэж “Ахмадад ээлтэй цех” шалгаруулах болзол гаргаж батлуулсан. Энэ оны ажлын дүнгээр үнэлж байр эзлүүлэх байх. Цех нэгжийн удирдлагууд ахмадаа хүндэтгэн хүлээж авдаг, идэж уулгаж, алганы нь хонхорт юм тавих л гэж хичээцгээдэг. Мэдээж, настанд тэр чухал ч анхаарал халамж илүү чухал. Үйлдвэрлэлд төвөг учруулалгүйгээр ганц нэгээр нь урьж хүлээн авах, ажиллаж байсан ажлын байран дээр нь ажиллаж байгаа залуучуудтай нь танилцуулах, захиа даалгаврыг нь өгүүлэх, очно энэ тэр гэж бэлдүүлж сандраахгүйгээр амьдрал ахуйтай нь танилцах, өвлийн бэлтгэл, галын болон цахилгааны аюулгүй байдлыг нь шалгаж туслах, энгийн цайг нь хамт ууж амьдралын асуудлыг нь сонсох хэрэгтэй юм шүү дээ. Тиймээс бид харьяа цех болон анхан шатны нэгжтэй илүү нягт, хамтран ажиллахыг зорьж байна. 

-Цаашдын зорилтын талаар? Ирэх онд үйлдвэрийн түүхэн ой тохионо. Анхдагч, ахмадуудын ажил хөдөлмөрийг алдаршуулах, залуу хойч үеийнхэнд таниулах зэрэг олон ажлууд зохион байгуулагдах болов уу? 

-Ой угтсан хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын ивээл дор зохион байгуулдаг “1000 ахмадын чуулга-уулзалт”, Ахмадын урлагийн их наадам зэрэг томоохон ажлуудаа тусгасан байгаа. “1000 ахмадын чуулга-уулзалт” бол нийт ахмадын дунд явуулсан санал асуулга, судалгааг үндэслээд үйлдвэрийн захиргаанаас ахмадын талаар цаашид баримтлах бодлогын тушаал танилцуулдаг, үйлдвэрийн техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын үр дүн, өнөө ба ирээдүйн тухай танилцуулгыг хийдэг, үйлдвэрийнхээ удирдлагуудтай бүрэн бүрэлдэхүүнээр нь уулзаж танилцдаг, тэднээс үзүүлдэг гэнэтийн шийдвэр, гарын бэлэг зэрэг нь ахмад бүрийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаа билээ. Ёстой л уулыг нүүлгэж, усыг эргүүлнэ гэдэг итгэл зүтгэлээр хамт зүтгэсэн тэдний мянгуулаа уулзах их баяр наадам болдог учраас олон жил өнжиж хүлээсэн энэ арга хэмжээгээ ойн жилдээ зохион байгуулахаар төлөвлөсөн.  

-Олон улсын Ахмадын баярын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийт ахмад үеийнхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Зууны манлай их бүтээн байгуулалтыг гардан бүтээлцсэн тэр үеийн залуучууд их хүсэл мөрөөдөл, цагаан цайлган сэтгэлээр  улс орныхоо хөгжилд өөрийн оруулах хувь нэмрийн төлөө мятаршгүй зүтгэдэг том амбицтай, нэгдсэн тэмүүлэлтэй, маш өндөр зохион байгуулалттай бүхэл бүтэн үеийнхнийг бий болгож, тэр л дэг журам, цаг барих чадвар өнөөдөр ч залгамжлагдаж яваад бид бахархдаг. Бидний үйлдвэрээ байгуулж, эзэмшиж, шинэчилж, Зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж болгож ажилласан үеийн тэр хамт олон, тэр зохион байгуулалт, тэр сэтгэл зүтгэлээр ажиллаж чадвал өнөөгийн Монгол улсын өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшил, ялалт амжилт бол бидний санаанд багтаад байгаа хоромхон хугацааны ажил юм шүү дээ. Улс орноо гэсэн сэтгэл, зохион байгуулагдах чадвар, бүтээх арвижуулах чин хүсэл бол Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үнэт зүйл мөн гэдгийг тэмдэглэлт баярын өдөр дахин онцолж хэлэхийг хүсэж байна. Ингээд, Олон улсын ахмадын өдөр 10 дугаар сарын 1-нийг тохиолдуулан Зууны манлай бүтээн байгуулалтын эзэд, Эрдэнэт үйлдвэрийн болон Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт ахмадууд, тэдний гэр бүлд эрүүл урт нас, сэтгэлийн амар амгалан, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа