УИХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Өнөрболор танилцуулав.
Төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүү санал гаргаагүй гэв.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 101 хууль, УИХ-ын 6 тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Ингээд УИХ-ын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа ирүүлснийг дурдав. УИХ-ын даргын 2022 оны 151 дүгээр захирамжаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийг үндэслэн хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцэхдээ холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “…Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна.” гэснийг “…Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 65 байна.” гэж өөрчлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо хэмжээг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, АМНАТөлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана” гэсэн саналыг мөн дэмжсэн байна.
Түүнчлэн Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийн нэрийг “Засгийн газар дахь хяналтын тухай” хэмээн өөрчилж, “улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийсэн бол төсвийн хяналтын сонсгол явуулна” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн 2 дахь заалтын 1 дэх заалтыг “улсын төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуульд тусгаж, батлагдсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдлийг төрийн аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн төсвийн хуульд тусган шийдвэрлэх” гэж өөрчлөх, төслийн 2 дахь заалтад “төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах, ЭМДСанд үүссэн өр, төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах” гэж нэмэх саналуудыг мөн гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.
Ийнхүү Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг танилцуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл