Соёлын сайд Ч.Номин 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзаж, НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Монгол Улсад НҮБ-аас ирэх таван жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон эл баримт бичгийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулсанд талархал илэрхийлж, хөгжлийн бодлогод туссан соёл урлагийн чиглэлээрх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Тухайлбал, соёл урлагийн байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, албан ба албан бус боловсролоор дамжуулан соёлын боловсрол олгох, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, уламжлуулах зэрэг үйл ажиллагааны хөтөлбөр нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй нийцэж байгаа талаар дурдаж, санал солилцлоо.

Мөн Соёлын яамнаас “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн олон улсын наадмыг зохион байгуулж байгаа нь зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй нүүдлийн соёл иргэншлийг илэрхийлэх үнэт зүйлсийг болон улс орнуудын соёлын өвийн асуудлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх асуудал тул НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэх саналтай буйгаа хэллээ.

Түүнчлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого нь НҮБ-ын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилттой нийцэж байгаа бөгөөд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан, хэлэлцүүлэх гэж байгаа талаар мэдээлэл өгөв.

Ноён Тапан Мишра нь Соёлын сайдтай олон талаар санал нийлж байгаагаа илэрхийлж, НҮБ-аас ирэх таван жилд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд Соёлын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: Соёлын яам

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа