Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүч, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга Иваны Жаргалсайханд Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.

           И.Жаргалсайхан 2004 оноос Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны нэгдлийн даргаар, 2005 оноос “Сэлэнгэ” амралтын баазын даргаар томилогдон ажиллаж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч соёлч үйлчилгээтэй хамт олон болох зорилгодоо хүрч ажилласнаар Үйлдвэрийн газрын ажилтнууд болон Эрдэнэт хотын иргэд, хөдөлмөрчдийн талархлыг хүлээсэн эрхэм юм.

        Тэрээр 2007 онд уулын цанын зам, цаначид амрагч нарын ая тухтай нөхцөлийг хангах зорилгоор иж бүрэн тохижилт бүхий цаначдын байрыг ашиглалтад оруулж, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбайг тохижуулах, хүүхдийн болон биеийн тамирын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн стандартад нийцүүлэх зэрэг ажлуудыг хариуцан, удирдаж зохион байгуулсан.

      Мөн “Найрамдлын Эрдэнэс” зусланг 2005 оноос “Сэлэнгэ” амралтын баазын харьяа болгон ажиллуулж, 2006 онд Монголын үндэсний зуслангуудын холбооны гишүүн, 2007 оноос Ази, Номхон далайн орнуудын зуслангуудын холбооны гишүүн, өөрөө 2006 оноос Монголын үндэсний зуслангуудын холбооны тэргүүлэгч гишүүн, Олон улсын зуслангуудын холбооны идэвхтэй гишүүн, 2011-2013 онуудад Олон улсын зуслангуудын холбооны Монголын элч төлөөлөгч, “Бигмен” алдраар дэлхийд нэрээ таниулсан билээ.

      “Сэлэнгэ” амралтын баазад ховордсон амьтдыг сэргээн нутагшуулах зорилгоор 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Халиу бугыг амралтын баазад сэргээн нутагшуулах хүсэлт гаргасны дагуу яамнаас хүсэлтийг нь дэмжин, Халиу бугыг сэргээн нутагшуулан, өсгөн үржүүлэх зөвшөөрөл олгосноор 2011 оны 05 сард байгаль орчны мэргэжлийн  байгууллага “Амьтан асралт” ХХК-тай хамтран 10 илийг “Сэлэнгэ” амралтын баазын газарт амжилттай сэргээн нутагшуулсан. Халиу буга сэргээн нутагшуулахаар амралтын баазын газраа 90 га болгон өргөтгөн хашаажуулсан ба одоогоор нийт 120-180 халиун буга өсгөн үржүүлсэн байна. Улмаар тэмээ, тарвага, цацагт хяруул, галуу, тахиа, гургуул, бор галуу зэрэг амьтдыг нутагшуулан өсгөн үржүүлэх ажлыг санаачлан зохион байгуулсан.

            Амрагч хүүхдүүдэд байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн боловсрол олгох төслийн хүрээнд “Эко-Ази” дээд сургуулийн мэргэжлийн багш нартай хамтран зуслангийн хугацаанд Эко кабинет ажиллуулж, ЕБС-ийн сурагчид, амрагч хүүхдүүдэд байгаль орчинтой зөв харьцах, ан амьтдыг хайрлан хамгаалах хүмүүжил олгож байгаа нь ихээхэн үр дүнгээ өгч байна.

         Тэрээр 2014 онд НҮБ-аас дэмжиж буй Загасны аж ахуйг хөгжүүлэх ажлыг санаачлан, эхлүүлж, хиймэл нуур байгуулан загас үржүүлэх газрыг 2016 онд шийдвэрлүүлснээр хиймэл нуур, загасны аж ахуй, мөн наран шарлагын газар байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Булган аймгийн нутагт ховор болон эмийн ургамлын санг хадгалан үлдээх зорилгоор 1 га газарт үлгэр жишээ цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар Сорилын биологийн хүрээлэнгийн ховор болон эмийн ургамлын сан болон ойн салбарын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа төдийгүй Дүйцүүлэн сэргээх ажлын хүрээнд зэрлэг гахай, хүдэр, аргаль, янгир нэмж сэргээн үржүүлэх судалгаа хийж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа