Тодруулга
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Капитал банкны хөрөнгийг Монголбанкны удирдлагууд ашигласан эсэх талаар асуулт тавьж, шалгахыг хүссэн. Энэхүү асуулттай холбогдуулан Монголбанкнаас дараах тодорхой мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 тоот тогтоолоор Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан Капитал банкны төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төрийн хохирлыг барагдуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд Капитал банк болон түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгийг Эрүүгийн цагдаагийн албаны санал, прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж тогтоолгосон бөгөөд эд хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэх, дуудлага худалдаанд оруулах бүрдээ прокурорын зөвшөөрлөөр битүүмжийг чөлөөлөн хохирлыг барагдуулан ажиллаж байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах ажиллагаа эхэлснээс хойш нийт 335.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Үүнээс төрийн 25 байгууллагын даатгагдсан болон даатгагдаагүй харилцах хадгаламжийг 100.4 тэрбум төгрөгөөр бүрэн барагдуулсан байна. Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 9.74 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 30 байршилд 57 ширхэг 25.06 тэрбум төгрөгийн өр төлбөрт хөрөнгө тооцон шилжүүлсэн бол одоо 69.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ажлын хэсгийн тайланг Монгол Улсын Их Хурлын 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг нэн тэргүүнд барагдуулан ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүнээс тодруулж буй орон сууц нь Капитал банкны эд хөрөнгө биш бөгөөд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудад хамааралгүй болно.
Монголбанканд Анод банкны эрх хүлээн авагчаас шилжүүлсэн шаардах эрхийн хүрээнд Замбуулин Виллажийн 3 орон сууцыг газрын хамт өр төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан Засгийн газрын журам батлагдаагүй байгаатай холбогдуулан тус хөрөнгө нь Монголбанкны өмчлөлд шилжин ирээгүй байгаа. Монголбанкны зүгээс авлагыг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тухайн зээлдэгчтэй ажиллаж байгаа болно.
МОНГОЛБАНК
Сэтгэгдэл