Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Эрдэнэс Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг хангах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажил, Тавантолгой дулааны станцын төслийн талаарх мэдээлэлтэй танилцсан бөгөөд тус үйлдвэр нь жилд 10 сая тонн хүртэлх нүүрсийг баяжуулах хүчин чадалтай. 

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний ордоос шууд олборлон борлуулах боломжгүй давхаргуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордын нөөцийг хаягдал багатай бүрэн ашиглах, экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдан авагчийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн ойролцоо Тавантолгой цахилгаан станц баригдахаар төлөвлөгдөж буй. Тиймээс “Загийн усны хоолой”-н хүчин чадлыг тооцоолж нүүрс баяжуулах үйлдвэрт ашиглаад үлдэгдэл нөөц усыг цахилгаан станцад ашиглах боломж бололцоотой эсэх, эдгээр төслийн  уялдаа холбоог хангах тал дээр хоёр талын ажлын хэсэг байгуулан ажиллаж саналуудаа нэгтгэхээр тохирлоо.

Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат уурхайд ажиллах үеэрээ  Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг  буюу орон нутгийн  “Тавантолгой” ХК-ийн талбайн хойд хэсэгтэй огтлолцдог нүүрсэн мөргөцөг дутсан талбайд ажиллав. Мөн уурхайн ажилчдын орон сууцны  барилгын явцтай танилцаж энэ ондоо багтаан дуусгах үүрэг чиглэл өглөө. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа