Узбекистан улсад нийлүүлэх халал махны экспортыг нэмэгдүүлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Воитов Азиз Ботировичтай энэ оны 11 дүгээр сард хийсэн цахим уулзалтын үеэр мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцсон билээ.
Үүний дагуу Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Узбекистан Улс Монгол Улсаас 2022 оны эхний 10 сарын байдлаар 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн импортолсон ба цаашид энэхүү тоо хэмжээг эрс нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ оны 12 дугаар сард Узбекистан Улсын талаас мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монголын 9 аж ахуйн нэгжид олгосноор тус улсад экспорт хийх боломжтой аж ахуйн нэгжийн тоо 26 болсон.
Хоёр орны хооронд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах Хэлэлцээрийг 2019 онд байгуулан, холбогдох мал эмнэлгийн гэрчилгээнүүдийг харилцан тохиролцсоноор тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд нядалгааны “Халал” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа нь Узбекистан, Казахстан Иран, Азербайжан зэрэг улс оронд халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх боломжийг бий болгож байгаа болно.
Узбекистаны тал Монгол Улсад хамтарсан аж ахуй байгуулах замаар махны экспортыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд баруун 3 аймгийн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” -т хамтран ажиллах нь үр дүнтэй гэж талууд үзэв.
Хоёр орны хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох зорилгоор Узбекистан Улсаас сайн чанарын жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх боломжтой бөгөөд урьдчилсан байдлаар зах зээлийн судалгаа хийсний үр дүнд үнийн хувьд өрсөлдөхүйц байж чадах дүгнэлт гарсан тухай айлын тал мэдээлэв.
Энэ оны 9 дүгээр сард Узбекистан Улсын Самарканд хотноо зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр манай хоёр орны Ерөнхийлөгч нар уулзалт хийн, Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нар даргалан, 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Узбекистан Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл