Сүүлийн өдрүүдэд нэр бүхий сэтгүүлч, сайтаас нийгмийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Авлигатай тэмцэх газрын удирдлага, албан хаагчдын талаар ор үндэслэлгүй, гүтгэсэн, илэрхий худал ташаа мэдээ, мэдээллийг тогтмол давтамжтай тарааж байгааг тэвчээртэйгээр, анхааралтай ажиглаж ирлээ.
Энэхүү ор үндэслэлгүй, худал ташаа, гүтгэсэн мэдээллийг тараах нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын дархлааг сулруулах, хамт олны нэр хүндийг гутаах, олон нийтийн анхаарлыг татсан мөрдөн шалгаж буй хэргийн явцыг үгүйсгэх, саад учруулах, өөрсдийн хууль бус хүсэл зориг, эрх ашигт нийцүүлэхийг санаархах, олон нийтийн сэтгэл зүйд зориуд сөргөөр нөлөөлөх зорилго бүхий чиглэсэн үйл ажиллагаа болох нь тодорхой болж байна.
Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуульд заасан 12 төрлийн авлигын гэмт хэргийг харьяалан шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг прокурорын тасралтгүй хяналтан дор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг чанд баримтлан явуулж ирсэн ба нийгмийн анхаарлыг татсан, олон нийтийн дунд “ЖДҮ дэмжих сан”-гийн, “Эрдэнэтийн 49%-ийн”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн хууль бус хувьчлалын, Салхитын мөнгөний ордын хууль бус өмчлөлтэй холбоотой шүүгч нарын, “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргүүдийг шалгаж дуусган, эцэслэн шийдвэрлүүлэхээр прокурор, шүүхэд шилжүүлээд байна.
Байгууллагын удирдлага, албан хаагчид аливаа ашиг сонирхлын зөрчил, хууль бус үйлдлээс ангид байж, зөвхөн төрийн хуулийг ёсчлон биелүүлж, хүний эрхийг дээдлэн хангаж, хуульд заасан чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Цаашид шаардлагатай гэж үзвэл байгууллага, албан хаагчийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалж, иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр зохих байгууллагад хандах болно.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Сэтгэгдэл