М.Баяраа: Халиа тошин үүссэн байршилд суваг татан, далан босгож, цас мөсийг цэвэрлэж байна
Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өчигдөр холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр түүнээс үүсээд буй нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Халиа тошин үүсдэг байршил Улаанбаатар хотод хэд байна вэ. Ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 50 орчим байршилд жил бүр халиа тошин үүсдэг, зарим газар нөхцөл байдал хүндэрч, айлууд усанд автдаг. Энэ жил 10 орчим байршилд нөхцөл байдал хүндэрч буйн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын гол дагуу суурьшсан айлууд байна.
Энэ байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж суваг татан, ухлагаас гарсан мөсөөр далан босгож, цас мөсийг цэвэрлэх зэргээр арга хэмжээ авч байна. Мөн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг ханган ажилласан.
Халиа тошин үүсдэг энэ асуудлыг бүрмөсөн шийдвэрлэх боломж бий. Гэхдээ санхүүгийн хувьд өндөр өртөгтэй. Халиа тошин нь газрын гүнд байгаа булаг, ус дээшээ нэвчиж гарч ирж байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд гүний хоолой тавих, шугам татан усыг хөрсөнд нь шингээх шийдлүүд байдаг.
-Суваг татах, далан босгох, цэвэрлэгээ хийхэд ямар хүндрэлүүд гарч байна вэ. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байгаа вэ?
-Өнгөрсөн жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр экскаватор, дөрвөн хоовоо машиныг ашиглаж байна. Гэхдээ машин техник оруулах боломжгүй газар ч бий тул ГУББГ-ын албан хаагчид гар ажиллагаагаар хөлдсөн мөс, цасыг цэвэрлэдэг. Тэгэхээр тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, гар ажиллагааг багасгах шаардлагатай. Нөгөө талаас мөс, цасыг асгах газаргүй зэрэг хот төлөвлөлтийн талаас тулгарч буй асуудлууд ч бий. Нөхцөл байдал хүндэрсэн ийм үед яаралтай арга хэмжээ авахгүй бол ус айлууд, гудамж талбай, авто зам руу халих эрсдэлтэй.
-Тоног төхөөрөмж, машин техникийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нийслэлийн хувьд төсөв хүндрэлтэй байгаа. Гэхдээ хамтын ажиллагааны дүнд энэ асуудлыг шийдэх, техник хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж байна. Тухайлбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай энэ тал дээр хамтарч ажиллах санал хүргүүллээ. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныхантай уулзаж, тоног төхөөрөмж, машин техникийн хангамжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлт гаргаад байна.
Сэтгэгдэл