- Сэтгүүлч
- 2020/07/25
- 1015
УИХ-ын дарга Г.Занданшатар “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилттэй танилцлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилттэй танилцлаа. Энэхүү төслийг Г.Занданшатар санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн 4 жилд тус суманд 5.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн юм.
Өлзийт сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төр захиргааны байгууллага шинэ байртай болж, өдгөө Соёлын төвийн барилга баригдаж байна. Төслийн хүрээнд сумын төвийн барилга байгууламжийг шинэчлэхээс гадна иргэдийн амьдралын орчин нөхцөлийг сайжруулах учиртай. Сумын төвийн айл өрхүүд төвлөрсөн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээнд холбогдож, сумандаа хот сууринаас дутахааргүй амьдрах орчин бүрдүүлэх нь төслийн үндсэн зорилго юм. Түүнчлэн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто болон явган хүний зам тавих, гудамж талбайг гэрэлтүүлэх зэргээр бүрэн шинэчлэл хийгдэнэ.
Ажил төлөвлөсний дагуу хурдацтай, сайн хийгдэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гүйцэтгэж буй ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад, иргэдийн өөрийн оролцоог сайтар хангахыг сумын төр, захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгож, амжилт хүслээ.
Өлзийт суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ оны аравдугаар сарын 30-нд эцсийн байдлаар хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Иргэдийн талархлыг хүлээж буй сумандаа сайхан амьдрах төсөл ирэх 4 жилд тус аймгийн Галуут, Баацагаан, Эрдэнэцогт суманд хэрэгжих юм.
Сэтгэгдэл