Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ганд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав.

Талууд хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа, зорчигч тээврийн хөдөлгөөн шат дараатайгаар сэргэж буйг сайшааж, 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болсныг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан  Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэлд тусгасан “Үндэсний урлагийн их театр”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” зэрэг ажлуудыг эрчимтэй урагшлуулж, бодит ажил хэрэг болгох асуудлаар цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Чинь Ган болон Хятадын Гадаад хэргийн яамны нийт хамт олонд удахгүй болох Хятадын “Хаврын баяр”-ын мэндчилгээ дэвшүүлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа