Налайх дүүрэгт өдөрт дунджаар 120-150 тонн сайжруулсан түлш түгээдэг
Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 8-ны тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орсон. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 7691 өрх байдаг бөгөөд эдгээр өрх жилд 23 мянган тонн түлш хэрэглэх урьдчилсан тооцоо гарчээ. Налайх дүүргийн иргэдээс сайжруулсан түлшийг 14 хоногоос нэг сар хүртэлх хэрэглээгээр нь бөөндөж авах хүсэлт удаа дараа ирсэн байна.
Иргэдийн санал хүсэлтэд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тайлбар хийж, мэдээлэл өглөө. Тэрбээр “Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд орсонтой холбогдуулан өнгөрсөн зун, намар иргэд, оршин суугчидтай уулзан, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч, сайжруулсан түлш борлуулах цэг байгуулах, тээвэрлэлт хийх зэргээр ажлаа зохион байгуулсан. Сайжруулсан түлш борлуулж эхэлсэн цагаас хойш буюу 2022 оны есдүгээр сарын 15-наас 2023 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл тус дүүрэгт нийт 20 мянган тонн түлшийг нийлүүлээд байна. Сайжруулсан түлшийг хоёр компанийн 20 машин тээвэрлэж, 31 борлуулалтын цэгээр түгээж байгаа бөгөөд өдөрт 120-150 тонн түлшийг Налайх дүүргийн найман хороонд хүргэдэг. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт байрлах долоон агуулахад 4000 тонн сайжруулсан түлшний нөөц бий. Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэгт тасаг байгуулж, гэрээт 30 ажилтантайгаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Налайх дүүрэгт агаарын чанарыг хянах нэг суурин харуул бий. Үүнээс дүүргийн хэмжээнд ямар эх үүсвэрээс хэр их бохирдол үүсэж байгааг өдөр тутамдаа хянадаг. Иргэд ч мөн “Agaar.mn” аппликэйшн болон www.iqair.com сайтаас мэдээлэл авах боломжтой.
Мөн иргэдийн зүгээс 14 хоногоор, цаашлаад нэг сараар сайжруулсан түлшээ бөөндөж авч болох уу гэдэг хүсэлт ирсэн. Бид эхний ээлжид долоон хоногт долоон шуудай сайжруулсан түлш олгох зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд хийгээд байна. 14 хоногоор түлш олгох боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэхгүй. Өнөөдрийн байдлаар баруун, зүүн үйлдвэрт 14 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3000-3200 тонн түлш хэрэглэдэг. Нөөцөлсөн түлшнээсээ болон үйлдвэрээс гарч буй түлшээрээ өдрийн хэрэгцээгээ хангадаг гэсэн үг. Тиймээс 14 хоногоор түлшээ түгээхэд үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй болох юм. Ирэх жилээс нөөцөө хангалттай бүрдүүлж, үйлдвэрийн шугамуудаа бүрэн ажиллуулбал иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа” хэмээн тайлбарласан юм.
Налайх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ тогтмол уулзалт хийдэг бөгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсож, шат шатандаа хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцдэг байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж буй асуудлуудаа хамтдаа хэрхэн шийдвэрлэж болох вэ, залуусын дуу хоолойг яаж хүргэх вэ, тэдний оролцоог бодитоор хэрхэн хангах вэ гэх зэргээр ярилцсан бөгөөд цаашид бодит үр дүн гаргахад анхааран ажиллахаа дүүргийн удирдлагууд онцолж байлаа.
Сэтгэгдэл