Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор уулзаж, санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байна.  Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцоход хоёр тал онцгой анхаарч ажиллаж байна.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхэлнэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлуудыг үе шаттай хийнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа