Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Зөвлөгөөнөөр, эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн нөөц, нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын явц болон гэмт хэрэг зөрчлийн талаар хэлэлцсэн юм.
Тухайлбал, Сүүлийн гурван жилийн хугацаанд приус маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ийм 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь илрүүлж, нүүрсэн яндан хулгайлдаг дөрвөн бүлгийн 45 хүнийг баривчилжээ. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нь яндантай тээврийн хэрэгслээс нүүрстөрөгчийн дутуу ислийг 4.5 дахин их хэмжээгээр ялгаруулж байгаа нь тогтоогдсон байна.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц ажлыг Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гурав, 12 дугаар хороонд хийж, Ногоон бүсийг бий болгожээ. Ингэснээр тухайн бүсэд гарсан гэмт хэрэг, дуудлагын мэдээлэл 40.3, халаасны хулгайн гэмт хэрэг 18.3, танхайрах, олон нийтийн амгалан, тайван байдлыг алдагдуулах зөрчил 69.8 хувиар тус тус буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн эерэг үзүүлэлт байгааг дурдсан юм. Дээрх бүсийн 225 байршилд 553 камер байршуулжээ.
Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэсэн үг. Нийт өвчлөгсдийн дунд 0-1 насны хүүхэд 21, 2-4 насныхан 24 хувь, 5-9 насныхан 13.4, 10-15 насныхан 6.2 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 3.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч хүндрэл их байгаа. Нийслэлийн хэмжээнд үндсэн 835 орон дээр 404 орыг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн төрөлжсөн зургаан эмнэлэгт үндсэн 726 ор дээр нэмэлтээр 226 орыг дэлгэсэн. Томуугийн амбулаторийн цагийг ажлын өдрүүдэд оройн 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цаг болгож, уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн хүлээн авах тасагт нэмэлтээр 21:00, ид ачааллын үед 00:00 цаг хүртэл өрхийн эмч, амбулаторийн эмчээ ажиллуулж байгаа. Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2, сувилагчийнх хоёр дахин их байна” гэлээ.
Сэтгэгдэл