- Сэтгүүлч
- 2020/07/28
- 914
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны долоодугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Сайд Н.Энхтайван НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, ялангуяа сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах, эх нярайн эндэгдлийг бууруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг дурдаад Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын системийн байгууллагуудын тэргүүлэх чиглэл бүхий хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” бодлогын чухал баримт бичгийн хэрэгжилтийг хангахын төлөө бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн, шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахлын улмаас иргэдийн орлого буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засагт үүсч буй хүндрэл, сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэлт болгов.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлж буйгаа дурдаад цаашид КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар мөн оролцов.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл