Монгол Улсын Засгийн Газраас ноолуур, арьс ширний техникийн зохицуулалтын хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах, цуцлахаар яригдаж байгаатай холбоотойгоор сүүлийн нэг сар гаруй хугацаанд уг асуудлыг хариуцсан яам, холбогдох мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс энэ нь малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулан нэмүү өртгийг бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн эсрэг түүхий эдийн экспортыг өөгшүүлэх алхам болно гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байна.

Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих тухай төр засгаас олон жил ярьж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 300 тоот тогтоолоор “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, 2022 оны 380 тоот тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг тус тус баталсан бөгөөд Улсын Их Хурлаас 2022 оны 5 дугаар сард Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх 19 дүгээр тогтоолыг гаргасан.

Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн зорилт болох аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурлан хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тодорхой зорилтуудыг мөн дэвшүүлсэн.

УИХ, Засгийн газрын эдгээр бодлого шийдвэрүүд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ялангуяа орон нутагт үйлдвэрлэл хөгжих, ажлын байр бий болгох чухал үр нөлөөтэй бөгөөд салбарын бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, шинээр үйлдвэр барьж байгуулахад хөрөнгө оруулалт оруулах хүлээлтийг бий болгож, улмаар  аж ахуйн нэгжүүд бизнесээ төлөвлөн, бэлтгэл ажлаа эхлүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулаад байна.

Иймд Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, гаргасан шийдвэрээ хадгалан, хувийн хэвшилтэй хамтран экспортын боломжит салбаруудын стратегийг гаргах, экспортын санхүүжилтийн ба батлан даалтын тогтолцоог хөгжүүлэх болон экспортын кластеруудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр илүү санаачилга гарган, бодитой дорвитой  алхмуудыг хийх нэн шаардлагатай байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

2023 оны 2 дугаар сарын 8

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа