Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, өргөдлийн дагуу улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзэв. Өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл:

- Намын үндсэн дүрмийн 5.13.13.1-д “Намын дарга эсвэл Үндэсний бодлогын хорооны дарга Үндэсний бодлогын хорооны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 167 гишүүн “ээлжит бус хуралдаан хуралдуулах” шаардлага гаргасан байна. Энэ нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 389 гишүүний 167 гишүүн санал гаргасан нь Намын дүрмийн дээрх шаардлагыг хангасан;

- Намын дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт “намын шийдвэр гаргах зарчим”-ыг зохицуулахдаа 4.3.5-д “Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ” гээд 4.3.5.1-д “Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх” гэж заасан байна. Иймээс 389 гишүүний ердийн олонх 196 гишүүн байхаас 201 гишүүн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцсон нь хурлын ирцийн хувьд дүрэмд заасан шаардлагад нийцсэн;

- Дүрмийн 5.13.1.1-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж зааснаар намын дотоод асуудлаа шийдэж, намын даргын асуудлыг шийдвэрлэсэн нь дүрмийн хүрээнд байна;

- Дүрмийн 5.12.2-т “... Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувийн/-ын саналаар эсхүл Намын дарга зарлан хуралдуулна” гэж заасан, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанд 249 гишүүн ирсэн нь дүрэмд заасан шаардлагыг хангасан. Энэ хуралд намын даргад 3 гишүүн өрсөлдөж, Л.Гантөмөр 51.88 хувийн санал авсан нь зөрчилгүй;

- Дүрмийн 5.12.4-т “Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд, 5.12.4.8-д “Намын даргыг ёсчлон батламжлах” гэж зааснаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Намын их хурал хуралдсан, 1009 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, намын даргаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг 100 хувийн саналаар ёсчлон батламжилсан нь дүрмийн дагуу болсон;

- Их хурлын 1009 төлөөлөгчийн 302 нь Үндэсний бодлогын хорооноос, УИХ-ын 9 гишүүн, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн хорооноос 7 хүн, орон нутгаас 502, Улаанбаатар хотоос 189 төлөөлөгч оролцсон нь Дүрмийн 5.12.3-т “Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын дарга, Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын гүйцэтгэх удирдлага томилогдоно” гэж заасанд нийцсэн гэж тус тус дүгнэв.

Иймд намын даргыг сонгох үйл ажиллагаа нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан байна гэж үзэж, тус намын даргаар Л.Гантөмөрийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа