Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэдийн солилцоог дэмжих болон төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байна гэлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасанчлан төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах зорилтыг тусган ажиллаж буйг дурдаад энэ хүрээнд БНСУ-ын төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг өндөржүүлж буй мэдлэг, туршлагаас судалж, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 2023 оны анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлж, айлчлалын анхны уулзалтаар төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх талаар санал солилцож байгаа нь төрийн албаны шинэчлэлд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгч буйн илрэл хэмээн тэмдэглэлээ.
Сайд Ким Сын Хо БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яам Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дөрөв дэх жилдээ үр дүнтэй хамтран ажиллаж буйг онцлоод төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Төрийн албаны хүний нөөцийн манлайллыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчийг давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр болон төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх, туршлага солилцох ажлыг эрчимжүүлэхээр талууд санал нэгдэв.
Сэтгэгдэл