2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2, 29.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу томилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаагаар
- нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод
- хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 408 удаа,
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч,
- байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 905 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна. Үүнд:
- Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн
- А.Адъяасүрэн Эрүүгийн хуулийн 22.5.1 буюу Хахууль өгөх,
- Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан,
- Ж.Мөнхбат Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих,
- Н.Наранбаатар Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан,
- Б.Энх-Амгалан Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
- Зам тээврийн хөгжлийн сайд асан -1,
- Төрийн нарийн бичгийн дарга асан -2,
- Аймаг, сумын Засаг дарга -2,
- УИХ-ын гишүүний зөвлөх -1,
- Гаалийн улсын байцаагч -12,
- Хил хамгаалах байгууллага -4,
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ -4,
- Боомтын захиргааны мэргэжилтэн -2,
- “Эрдэнэс таван толгой” ХК -6,
- “Тавантолгой төмөр зам” ХХК -3,
- Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан -14,
- 22 иргэн тус тус байна.
Үүний 18 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 20 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо 8 яллагдагч цагдан хоригдож байна.
Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад:
- 94 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын 3 талбай, 5 зогсоол, 3 агуулах),
- 48 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
- 5 газар,
- 2 хуулийн этгээдийн хувьцаа,
- 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээ,
- 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Сэтгэгдэл