Р.Болортуяа: Гуравхан дуутай хуурцаг миний багш байсан
МУСТА дуучин Р.Болортуяагийн дуучин Б.Гүрбадамтай хамтарсан "Учралын уянга" тоглолт энэ сарын 6-ны өдөр болох гэж байна. Улаанбаатар хотод гурав дахь удаагаа тоглолтоо хийж буй Р.Болортуяа хэмээх бүсгүйг олон нийт "Учралын уянга", "Ухаарлын дуу" зэрэг сэтгэлд шингэсэн дуугаар нь андахгүй сайн мэднэ. Дуугаа сэтгэлд шингэж, зүрхэнд хүртэл дуулдаг түүнтэй хэсэг хором ярилцлаа.
-Театрт хэчнээн жил ажиллаж байгаа вэ. Анх хэрхэн урлагт хөл тавьж байв?
-Би аймгийнхаа театрт 10 гаруй жил ажиллаж байна. Анхны уран бүтээл маань гуравдугаар курсын оюутан байхад маань гарч байсан юм. МУУГЗ Б.Батжаргал багшийн маань аялгуу “Ханийн жаргал” хэмээх дууг ханьтайгаа хамтран дуулж байсан юм. Энэ дуу маань маш билэгшээлтэй, олон сайхан уран бүтээлийг араасаа дагуулсан сүүн замтай дуу.
Хэдийгээр орон нутагт ажилладаг ч үргэлж л уран бүтээлийнхээ төлөө сэтгэлээ зориулж байдаг. Би таван хүүхэдтэй. Таван хүүхдийнхээ хажуугаар урлагийн хүн байж уран бүтээлээ хийнэ гэдэг амаргүй л дээ. Гэхдээ миний сонгосон зам учраас шантрах зүйл гарч байгаагүй. Шантрах эрх байхгүй гэж боддог.
-Бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?
-Багадаа их эршүүд хүүхэд байсан. Дандаа л эрэгтэй хүүхдүүдийн тоглоомоор тоглож байдаг байлаа. Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрж өссөн. Тухайн үед одоогийнх шиг тоглоом наадгай байсангүй. Их л хөдөлгөөнтэй, эршүүд охин л байсан даа.
- Хэзээнээс дуунд дурлах болсон бэ. Дуучин болоход тань нөлөөлсөн зүйл юу байсан бэ?
-Хүнд төрөлхийн зөн гэж байдаг юм уу даа гэж би боддог. Яг миний дээд талын ах Р.Өсөхбаяр гэдэг уртын дууч хүн байдаг. Хоёулаа орон дээрээ зогсоод нэгнийгээ зарлаад л дуучин болж тоглодог байсан. Зарим хүүхдүүд багаасаа чагнуур бариад явж байдаг бол бид хоёр дуулах дуртай хүүхдүүд байсан. Өвөө маань уртын дууг их сайхан дуулдаг хүн бий. Одоо ч найр эхэлж дуулдаг. Ер нь аавын талынхан маань дууч хүмүүс байсан гэж ярьдаг юм.
ХҮН БАЙГАЛЬ ХОЁР САЛШГҮЙ ХОЛБООТОЙ
-Гэр бүлийн тань хүнийг урлагийн хүн гэж сонссон?
-Тийм ээ. Манай нөхөр мөн л урлагийн хүн. Морин хуурч, хөгжмийн багш мэргэжилтэй. Бас маш сайхан дуулдаг. Бид хоёр анх “Ханийн жаргал” хэмээх дууг хамтдаа дуулж байсан юм.
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Би СУИС-ыг соёлын менежер мэргэжлээр төгссөн. Хүсэл мөрөөдлөө дагаад л дуучин болсон доо.
-Дуунаас мэдэрдэг хамгийн сайхан зүйл тань?
-Миний дуунууд ихэвчлэн нутаг орны тухай, аав ээжийн тухай байдаг л даа. Нутгийн зөөлөн салхи, аав, ээжийн дулаан хайр энэрэл зэргийг шингээж дуулахыг хичээдэг. Ихэвчлэн удаан, зөөлөн хэмнэлтэй дуунууд байдаг учраас дуулах үед энэ бүхэн нүдэнд харагддаг. Мөн сэтгэлээ шингээж дуулдаг учраас амьтай мэт л санагддаг. Энэ бүхэн дуунд дурлах бас нэгэн шалтгаан. Мөн үзэгчдээс ирж буй урам, алга ташилт.
-Өвөрмөц онцлог бүхий нутаг оронд амьдардаг хүний хувьд байгалаа хараад мэдрэмж тань хэрхэн өөрчлөгддөг вэ?
-Манай нутгийн Баацагаан суманд Бөөн цагаан нуур гэж бий. Хэрвээ хүмүүстэй хамт явж байвал хол очоод “Ээж ээ, таньдаа дуулж өгье” гээд дуулдаг. Тэгэхээр намайг сонсоод ч байгаа юм шиг санагддаг. Долгио нь бүжээд байгаа ч юм шиг харагдаад л. Сэтгэл дагадаг байх л даа. Гэхдээ маш гоё болдог.
Том ажил төлөвлөөд гарахдаа Бөмбөгөр нутгийнхаа Бөмбөгөр хайрханд очдог. Очоод “Охин нь явчхаад ирье. Хайрхан минь мөнх оршоорой” гээд л гэр бүл, үр хүүхэд, ажил үйлс гээд л бүхий л зүйлээ даатгадаг. Ер нь их нутаг амьтай хүн дээ. Бага охиноо гаргачхаад 7 хоногийн дараа хайрхандаа очиж хүүхдээ таниулж байсан. Хүн байгаль хоёр салшгүй холбоотой гэж боддог.
“УЧРАЛЫН УЯНГА” ДУУГ ГАНЦААРАА ДУУЛАХ УЧИР ДУТАГДАЛТАЙ САНАГДААД Б.ГҮРБАДАМД САНАЛ ТАВЬСАН
-Одоогийн байдлаар хэчнээн дуутай болоод байна вэ?
-Яг нарийн тоолж үзээгүй юм байна шүү. Өнгөрсөн хугацаанд хоёр цомог гаргасан. Дахиад цомгийн ажилдаа ороод цомогт орох дуунууд бэлэн болчихсон байгаа. Тоглолт дээр дуулагддаг дуулагддаг дуунууд мөн олон бий.
-Удахгүй хамтарсан тоглолт тань болох гэж байгаа шүү дээ. Тоглолтынхоо тухай мэдээлэл өгөөч?
-Энэ сарын 6-нд Б.Гүрбадам найзтайгаа хамтарсан “Учралын уянга” тоглолтоо хийх гэж байна. “Учралын уянга” дуу маань Б.Гүрбадам бид хоёрын цаашдаа хамтарч уран бүтээл хийх эхлэлийг тавьсан бүтээл л дээ. Энэхүү дуугаараа тоглолтоо нэрлэсэн. Тоглолтод бид хоёр өөрсдийн найм найман дуу. Хамтарсан 6-7 дуу. Мөн урилгаар оролцож буй дуучид маань өөрсдийн хит болсон уран бүтээлүүдээсээ толилуулна. Тоглолт зуун хувь амьд дуулалттайгаар явна. Ардын дуу, бие биелгээ гээд л олон зүйлсийг харуулахаар төлөвлөөд байна.
-Анх хэзээнээс хамтарч дуулж эхэлсэн бэ?
-Хамгийн анх “Учралын уянга” хэмээх дуун дээр хамтарч ажиллаж байсан юм. “Аль нутгийн бүсгүй вэ” хэмээх дууг өмнө нь хүн дуулж байсан л даа. Бүсгүй хүнд зориулсан дуу байсан учраас хариу дууг нь хийж болох юм байна гэдэг санаа төрөөд зохиолчийг нь олж уулзсан. Тэгээд харилцаа дуу болгох санал тавиад тэр өдрийнхөө орой нь над руу шүлэг явуулсан. Дан ганц эмэгтэй хүн дуулахад тохиромжгүй санагдаад Б.Гүрбадам найздаа санал тавьсан юм. 2020 онд анхныхаа уран бүтээлийн тоглолтыг хийх гэж байсан юм. Тэр тоглолт дээрээ хамтдаа энэхүү дуугаа дуулж байсан. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. “ТВ8” телевиз тухайн үедээ тоглолтын бичлэгийг маань хийж байсан юм. Тэр бичлэгнээс уг дууны хэсгийг тасалж олон нийтийн сүлжээнд байршуулсан нь хүмүүст их хүрсэн.
НӨХӨРТЭЙГӨӨ ХАМТАРЧ ХЭД ХЭДЭН УРАН БҮТЭЭЛ ГАРГАСАН
-Нөхөртэйгөө дахин хамтарч дуулах бодол бий юу. Ер нь хоёулаа урлагийн хүн байх ямар байдаг вэ?
-Бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа хамтарч дуу гаргаж байсан. Цаашдаа шаардлага гарвал хийнэ л гэж бодож байна.
Хоёулаа урлагийн хүн байхын сул тал гэвэл ар гэрийн асуудал жаахан орхигдчих гээд байдаг талтай. Хүн харахад л гоё сайхан, амархан мэт харагддаг боловч урлаг хийнэ гэдэг чинь хүнд шүү дээ. Ирээд дуулаад өгчхөөч гээд л хүмүүс их амархан юм шиг боддог. Гэтэл тийм биш.
Давуу тал гэвэл хоорондоо маш сайн ярилцаж, зөвшилцөж чаддаг. Манай хүн чинь хөгжмийн хүн учраас маш торгон мэдрэмжтэй.
-“Учралын уянга” дуу шиг бусдаас өөр, сонирхолтой байдлаар бүтсэн уран бүтээлүүдээсээ дурдвал?
-Би чинь тэмээний тухай дуунууд нэлээн сонирхдог байсан юм. Манай Баянхонгор чинь гурван бүсийн нутагтай. Говь руу очход ламын гэгээний улаан тэмээ гэж манай нутгийн брэнд болсон амьтан бий. Тэмээг магтсан, говио дуулсан олон сайхан уран бүтээл хийе гэж нэг хэсэг боддог байсан. Дан тэмээгээрээ дагная ч гэж бодож байсан. Гэхдээ дан тэмээ дуулаад байвал дуучин хүний хувьд эрэлт нь хэцүү болчихно. Жишээ нь найр, хурим дээр очоод тэмээний тухай дуу дуулаад байх хэцүү шүү дээ.
Би хөгжимт драмын театрт ажилладаг учраас олон төрлийн ур чадвар хэрэгтэй байдаг. Миний хувьд 2012 онд анхны “Гэгээн Муза” шагналаа сохор эмэгтэйн дүрээр хүртэж байсан. Өмнөх жил нь манай Идэрээ гээд найз маань “Гэгээн Муза” хүртэж байсан юм. Тухайн үед би гэртээ юм хийж таараад дотроо “Ямар мундаг юм бэ. Хэрвээ манай театр оролцох юм бол би заавал энэ шагналыг авна даа” гээд л цагаахан атаархал төрж байлаа. Дараа жил нь өөрөө аваад маш их урам авсан. Ер нь бүхий л уран бүтээлүүддээ хайртай. Муухай уран бүтээл гэж байхгүй гэж боддог. Дуулж байгаа дуунаасаа сэтгэлийн аз жаргал мэдрэхийн мөрөөдөж дуулдаг даа.
ТЕАТРТ ХӨЛ ТАВЬСАН ТҮҮХ
-Хөгжимт драмын театрт ажиллах хэр байдаг вэ?
-2008 онд СУИС-ыг төгсөөд Бөмбөгөр сумандаа дуу хөгжмийн багш хийж эхэлсэн юм. Тухайн үед жирэмсэн, хоёр дахь хүүхэд маань гарах гэж байсан юм. Суманд маань багш хэрэгтэй байгаа учраас ажиллаач гэдэг хүсэлт ирсэн. Багшилж байх хугацаанд Баянхонгор аймгийн “Дуун фестиваль” гээд тэмцээн багш нарын дунд болсон юм. Тэр тэмцээнд “Алсын газрын зэрэглээ” дууг дуулаад түрүүлж байсан юм. Үүний дараа аймгийн Хөгжимт драмын театраас манай ажил руу албан бичиг явуулсан байсан. “Г.Бярваа гуайн зохиол “Их хурим” хөгжимт драмын гол дүр Галтайд тоглуулахын тул тэдний өдөр бэлэн байлгана уу” гэдэг утгатай бичиг байсан. Тэгээд л анх театртаа орж байсан түүхтэй.
Орон нутгийн театрууд жилд 4 жүжиг том уран бүтээл хийх шаардлагатай байдаг юм. Тэрний хоёр нь заавал хөгжимт драмын жүжиг байх шаардлагатай. Манай аймаг “Эрдэнэ тээлийн унага”, “Их хурим” хөгжимт драмын жүжиг, “Арван тавны сар” их дуулалт жүжиг гээд ер нь олон сайхан уран бүтээлийн тайзнаа толилуулсан. Тэдгээр жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг бүтээхийн тулд цаг наргүй л ажилладаг даа.
-Цаашдаа Улаанбаатарт суурьшиж уран бүтээл хийх бодол бий юу?
-Хийнэ гэж бодож байгаа. Төвийн театрийнхан ч гэсэн ерөнхийдөө бидэнтэй л адилхан байдаг. Цаг наргүй ажилладаг ч цалин мөнгө хүрэлцээ муутай байдаг. Гэхдээ уран бүтээлч хүн учраас уран бүтээлдээ л түлхүү анхаарал хандуулдаг.
-Хамтарсан уран бүтээл танд мөн чамгүй олон байдаг шүү дээ. Хамтарч ажиллаж байсан уран бүтээлчдээсээ нэрлэвэл?
-Театрынхаа дуучин бүсгүйчүүдтэй хамтарсан уран бүтээлүүд хийсэн. Мөн ханьтайгаа хамтарсан уран бүтээлүүд бий. Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам зэрэг найзуудтайгаа хамтарч байсан гээд л нэрлэвэл олон уран бүтээлчид бий.
ХҮМҮҮС ДУУСАШГҮЙ ЭРЧ ХҮЧТЭЙ ЮМ АА ГЭЖ ИХ ХЭЛДЭГ
-Бүхий л уран бүтээл тань үнэ цэнтэй байдаг байх. Сэтгэлд тань хамгийн ойр байдаг уран бүтээлүүдээсээ дурдаач?
-Хайртай уран бүтээл гэвэл “Сэтгэлийн нартай нутаг”, “Ухаарлын дуу”, “Мөрөөдөл дүүрэн хүлээлт” “Ханийн жаргал” гээд л олон бий.
МУСТА Л.Чүлтэмсүрэнгийн “Ухаарлын дуу” дууг хүмүүс их ухаарч сонсдог юм шиг санагддаг. Хүмүүс ер нь их хожуу ухаардаг юм билээ. Энэ дууны тухай сэтгэгдлүүд мөн олон ирдэг.
-Цаашид өөр төрөл жанраар уран бүтээл гаргах төлөвлөгөө бий юу?
-Хүмүүс өөр жанраар дуулах тохиолдол байдаг ч би бараг л өөрчлөхгүй байх гэж бодож байна. Хэдийгээр би уртын дууч биш ч гэсэн нутгийнхаа өвийг хадгалж явдаг дуучин байхыг хүсдэг. Тэрнээс биш шал өөрөөр гараад ирвэл хүмүүс хүлээж авахгүй байх.
-Хувь хүн талаас тань хүмүүс танийг ямар хүн гэж тодорхойлдог вэ?
-Эршүүд талдаа учраас “Муухан эр хүнээс илүү шүү” гэж хэлэх нь бий. Найз охидтойгоо явах бол жолоочийг нь хийнэ. Ер нь хээгүй талдаа хүн л дээ. Гэхдээ хариуцлагатай, зарчимч.
Аав маань их сайхан тайван, налгар хүн байдаг. Ээж маань багш хүн учраас маш зарчимч хүн. Энэ хоёрынхоо аль аль зан чанарыг өвөлж авсан гэж боддог. Би гаднаа галзуу, эрч хүчтэй харагдаж байгаа ч дотроо маш зөөлөн хүн. Хүнд муу санахгүй, эд хөрөнгөд шунадаггүй, амгалан тайван байхыг илүүд үздэг хүн. Гэхдээ уран бүтээлийн тал дээр дайчин. Хүмүүс холын замд тоглолтоор явахдаа их ядарлаа гэдэг. Гэтэл би хүүхдээ дагуулаад явна, машинаа бас барина. Орой гэрээсээ гараад л өглөө очоод, өдөр нь ажлаа амжуулаад орой нь гэр рүүгээ гараад л давхичихна. Хүмүүс дуусашгүй эрч хүчтэй юм аа гэж их хэлдэг.
Өөрөөсөө муухан яваа хүмүүсийг үл хүндэлдэг, хүн ялгаж харьцдаг хүмүүст би үнэхээр дургүй. Дарга байна уу, цэрэг байна уу яг л ижилхэн харьцахыг зарчмаа болгож амьдардаг. Хүүхдүүддээ ч мөн үүнийг сургадаг.
УРЛАГААР ЯВААГҮЙ БОЛ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ Ч ЮМ УУ ЭСВЭЛ ЦАГДАА БОЛОХ БАЙСАН
-Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан байх даа?
-Тийм шүү. Урлаг, спорт гээд л оролдохгүй юм байхгүй л хүүхэд байсан. Нэг удаа тоглож тоглож байгаад л орой гэртээ орсон юм. Тухайн үед өндөр хүчдэл байгаагүй учраас оройдоо лаатай байдаг байсан болохоор юм сайн харагдахгүй. Ширээн дээр бор бор юм байхаар нь аваад л үмхчихлээ. Эргээд л харсан чинь ээж орилоод явчихсан. Гэтэл гэрт лам ирчихсэн ном уншаад, хамаг муу муухай зүйл шингээсэн балинг нь аваад идчихсэн байгаа юм. Ээж гаргаж хаях гээд малгайгаа аваад эргээд харахын хооронд л тийм зүйл болчихсон. Тийм л хурдан, түргэн хөдөлгөөнтэй хүүхэд байлаа.
Зургаадугаар ангиасаа эхэлж мотоцикл унаж эхэлсэн. Ээж, аав хөл гараа гэмтээчихнэ гээд зөвшөөрөхгүй. Би нууцаар унана. Бензин нь дуусчхаар аавынхаа машины банкыг нээж байгаад соруулаад авчихдаг байсан. Ер нь урлагаар яваагүй бол биеийн тамирын багш ч юм уу эсвэл цагдаа болох байсан байх.
ДӨРӨВДҮГЭЭР АНГИД БАЙХДАА МУГЖ ХЭМЭЭН АНДУУРАГДАЖ БАЙЛАА
-Тэгвэл хэзээнээс урлагаар явахаар шийдсэн юм бэ?
-Жаахан байхад маань манай сумынхан "Миний охин ёстой гоё дуулдаг. Мундаг дуучин болно доо" гэж их хэлдэг байсан юм. Дөрөвдүгээр ангид байхад манай суманд Урлагийн их наадам болж байсан юм. Намайг тайзан дээр гарахын өмнө зарлахдаа багш маань "Монгол улсын гавьяат жүжигчин Р.Болортуяа" гэж зарлаж байсан юм. Багшийн хувьд алдаа гаргасан ч миний хувьд их билэгшээлтэй зүйл болсон. Тэр тэмцээнээс алтан медаль хүртэж байсан. Хэзээ нэгэн цагт энэ ерөөл биелнэ байх гэж боддог.
Ахлах сургуулиа төгсөөд СУИС-т конкурс өгсөн. Жагсаалтад хоёрт орсон байсан. Тухайн үед "Хүүхдийн төлөө төв"-д ажилладаг Оюунсүрэн багш маань "За тэр соёлын менежмент гэдэг анги хамгийн зөв анги шүү. Ирээдүйд хэрэг болно" гэж хэлсэн. Тэгээд л ангиа сонгоод орж байсан юм. Энэ мэргэжлээ сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Уран бүтээл, гэр бүлийн ажлаа зохицуулахад маань мэргэжил минь тус нэмрээ өгдөг гэж боддог.
-Уран бүтээлч хүний хувьд хамгийн их үлгэр дуурайл авч байсан хүмүүс тань?
-Намайг бага байхад одоогийнх шиг хүссэн дуугаа, хүссэн үедээ сонсох боломж ховор байлаа. Гуравхан дуу явдаг нэг хуурцаг байдаг байсан юм. Дуучин Д.Ширмэнтуяа, Ш.Чимэдцэеэ гавьяат хоёрын дуу явдаг. Түүнийг их сонсдог байсан. Тийм болохоор ч тэрүү миний тембр их төстэй гэж би боддог. Яг дуурайгаагүй ч гэсэн өөртөө авсан зүйлс байгаа байх. Ер нь миний багш тэр гурван дуу гэж хэлж болно.
-Ах тань мөн уртын дууч хүн. Танд зөвлөгөө, зөвлөмж хэр өгдөг вэ?
-Ах маань маш гоё торгон тёнор хоолойтой. Дээшээ, доошоо хамаагүй дугараад байж болохгүй, хоолойгоо гамна гэж л их хэлдэг. Тэгсэнгүй, ингэсэнгүй гэдэг шүүмж барагтай л хэлж байгаагүй. Харин хоолойгоо хайрлаж, энэ чигээр нь авч явахыг л их захидаг. Нэг талаараа ахын хайр явдаг байх. Ахтайгаа хамт тайзнаа зарлуулах хамгийн сайхан мэдрэмж байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох гэж буй тоглолт болон цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.
-Баярлалаа.
Сэтгэгдэл