- Сэтгүүлч
- 2023/03/07
- 265
Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан 2023 оны гуравдугаар сарын 06-ны өдөр мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг бөгөөд энэ удаагийн сонсголыг 2023 оны 03 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ярианыхаа эхэнд тэмдэглэлээ.
Тэрбээр үргэжлүүлэн, нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн нийт 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн 2011-2020 оны хооронд Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжид дүн шинжилгээ хийснийг танилцуулах юм.
Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан хянан шалгагч, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн бөгөөд нийт 210 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Н.Батшугар, сонсголын үеэр цугларсан бүхий л нотлох баримтуудыг олон нийтэд нээлттэй танилцуулж, дээрх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт зориулалтын хэлбэрээр зарцуулагдсан эсэхийг хянан шалгахад онцгой анхаарах ёстой гэдгийг тодотголоо. Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголыг МҮОНРТ-ээр шууд дамжуулах юм.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл