МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Эрүүл мэндийн яамны Сайд С.Чинзориг нар 2023 оны гуравдугаар сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь талуудын хөгжилд шаардлагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд оршиж байна. Уг санамж бичиг энэ сарын 15-наас нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд МҮОНРТ нь эрүүл мэндийн чиглэлээр тогтсон цагтай болж, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарын оролцоог хангах юм.

Ингэхдээ иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, контент, нэвтрүүлэг, сурталчилгаа бэлтгэх аж.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахад Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Янжмаа, Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярболд, Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, Эрүүл мэндийн сайдын хэвлэл, мэдээлэл хариуцсан зөвлөх Н.Сарангэрэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, МҮОНРТ-ийн Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал, Гадаад харилцааны мэргэжилтэн Ч.Энхжаргал нар байлцсан юм.

Энэ үеэр дараах эрхмүүдээс тодруулга авсан юм.

А.Бүрэнбаатар: Эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгоход анхаарна

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал.

-Хамтын ажиллагааны гол зорилго нь Эрүүл мэндийн яамнаас явуулж байгаа бодлого, шийдвэрийг сурталчлах, эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгоход анхаарна. Эрүүл мэндийн яамны зүгээс бидэнтэй хамтарч ажиллахдаа “Бодлогын дэмжлэг үзүүлье” гэсэн учраас өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн шалтгаан нь иргэд эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагаас улбаатай. Мөн буруу дадал зуршил, хоол хүсний зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж таргалалт ихэсч байна. Энд суурин амьдралын соёл ч нөлөөлж байгаа. Тиймээс дээрх өвчлөлийг хэн нэгэн туссаны дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэхэд нь дэм болох юм. Хэрвээ өвдсөн тохиолдолд яаж эмчлэх талаар ч мэдлэг мэдээлэл олгоно. Ингэхдээ иргэдийнхээ хамгийн амархан ойлгох байдлаар нь хүргэнэ.

-С.Чинзориг: Иргэдээ өвчилсний дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэхэд нь мэдлэг түгээнэ

Эрүүл мэндийн яамны Сайд.

-Олон улсын туршлагаас судлахад нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд их анхаардаг. Харин манай улсын хувьд энэ талд нэлээн орхигджээ. Тиймээс бид иргэдээ өвчилсний дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэх үүднээс мэдлэг, мэдээлэл түгээх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлагатай юм. Өнөөдрийн санамж бичгийн агуулга үндсэндээ энэ. Дараа нь иргэд аливаа өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэхээ МҮОНРТ-тэй хамтран бэлтгэх контентуудаас харж болно. Ер нь олон улсын байгууллагуудаас харахад хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь тухайн улсын нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүн өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа