Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох Байнгын хороодын дарга нар 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, энэ хуулийг улс орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бодит амьдралд нийцүүлэн боловсруулж, батлах шаардлагатайг онцгойлон сануулав. Бид хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүд ярьж, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталдаг хэдий ч үнэн хэрэгтээ ажиллах хүчин, мэдлэг, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна. Энэ бол боловсролын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулж буй хэрэг юм гэлээ. Тэрбээр, Боловсролын ерөнхий хуулиар боловсрол, сургалтын бүхий л түвшин, ялгаатай байдлыг нягт уялдуулан зохицуулах учиртайг дурдаж, эдийн засаг, нийгэм, санхүүгийн бүхий л арга хэрэгслээр боловсролыг дэмжих эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв.
Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх нийт долоон ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм. Эдгээр ажлын хэсгүүд 29 удаа, ажлын дэд хэсгүүд 58 удаа хуралдаж Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн сургуулийн өмнөх ба ерөнхий, дээд, хүмүүнлэгийн, мэргэжлийн боловсрол, судалгааны их сургуулийн зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг танилцууллаа. Тус Байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийт 26, УИХ-ын гишүүд 16 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслөөр 75, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслөөр зургаан зарчмын зөрүүтэй санал хурааж, харилцан нийцлийг ханган боловсруулах ажил хийгдэж байна.
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзалтад танилцуулга хийж, ерөнхий боловсролын сургалт академик мэдлэгт суурилсан хөтөлбөрөөр явагдаж байгаагаас сурагчдын сурах сонирхол анги ахих тусам буурч буйг мэдээллээ. Үүнээс болж дээд болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид ихэнхдээ нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийг сонгож, улмаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжих явдал их байгаа юм. Иймд сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, өөр хооронд нь уялдуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн боловсролын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, үр дүнд чиглүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг чиглүүлж буйг дурдав. Түүнчлэн, багш бэлтгэх, тэдний хөдөлмөр, бүтээмжийг үнэлэхтэй холбоотой харилцааг шилжилтийн үед босоо удирдлагаар авч явах, цахим шилжилтийг цаг алдалгүй хийх зэрэг бодлогын зорилтуудыг дурдаж, Боловсролын ерөнхий хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд оруулж буй зарчмын өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.
УИХ-ын байнгын хорооны хуралдаануудаар ирэх долоо хоногт Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл