Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Нийтийн эзэмшлийн зам, талбайд орхисон, удаан хугацаагаар үлдээсэн машин хэр олон байна вэ?

-Одоогийн байдлаар 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Иргэдээс энэ талаар мэдээлэл ирж байгаа, мөн камераар илрүүлж буй тул цаашид ийм машинуудын тоог гаргаад явна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд эдгээр машиныг олж тогтоогоод, эздэд нь мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авч байна. Мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд машинаа аваагүй бол ачиж журамлана.

-Мэдэгдэх хуудсыг ямар байдлаар хүргүүлж байна вэ?

-Автомашины улсын дугаар дээр эзнийх нь бүртгэл байдаг. Бид энэ бүртгэлийн дагуу утсаар нь холбогдох, эсвэл гэрийн хаягаар нь мэдэгдэл хүргүүлж байна. Түүнчлэн машин дээр нь мэдэгдэх хуудас нааж байгаа. Эхнээсээ зарим иргэн машинаа аваад, зогсоол, талбай чөлөөлж байна.

-Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоол дээр машинаа үлдээснээр ямар үр дагавар гарч байна вэ?

-Удаан хугацаагаар машинаа үлдээснээр дугуй нь хагарах, эд анги нь хулгайд өртөх, өнгө үзэмж нь муудах зэргээр өмчид хохирол учрах, хулгайн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Нөгөө талаас оношилгоонд ороогүй, авто зам ашигласны төлбөр төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрдэг. Эдгээр зөрчлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоол чөлөөлөхөөр ийм арга хэмжээг авах шаардлага гарсан.

-Журамласан машинуудыг хаана байрлуулах вэ?

-Журмын хашаа руу аваачна. Тэнд байршуулсан тохиолдолд төлбөр бодогдоод явна гэдгийг бид эздэд нь мэдэгдэж байгаа. Мөн ийм машины талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийн 1800-1200 дугаарын утсанд, мөн www.ulaanbaatar.mn веб сайтад хандан ирүүлэх боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа