Мэдэгдэл
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар Үндэсний телевизийн сарын хураамж 20,000 төгрөг болно гэнэ” гэсэн худал мэдээлэл цацагдаж олон нийтийг эргэлзээнд оруулж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.
МҮОНРТ нь 2005 оноос эхлэн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү хуулийн 17.1.1-д “МҮОНРТ-ийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс байна”, 18.1-д “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна” заасан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, албан байгууллагаас 1,650 төгрөг, аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтоосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд айл өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар төвлөрүүлдэг.
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 3.1-д “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн үйл ажиллагааг зөвхөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан.
Иймд Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдаж мөрдөгдсөнөөр МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс буюу хураамж нэмэгдэхгүй хэвээр байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз
Сэтгэгдэл