Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлөөс Хөдөлмөрийн шинэчилсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудлын талаар компанийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн асуудал хариуцсан захирал, менежерүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын гишүүн 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар заасны дагуу ААН-ийн цалингийн зардал, ажлын байрны тоонд хэрхэн өөрчлөлт гарсныг судлахад нэг ажилтны сарын дундаж цалин 25.5 хувиар буурч, нийт ажилтны цалингийн зардал сард дунджаар 25.1 хувь өссөн, ажлын байрны тоо дунджаар 46 хувь өссөн” гэдгийг тодотголоо. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд ямар асуудлууд тулгамдаж байгааг судалж, ААН-үүдийн саналыг нэгтгэн, МҮХАҮТ-аас УИХ, Засгийн газар болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж ажиллана гэв.
“Скайтел” компанийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Б.Жамбалсүрэн “Ажлын бүтэн бус цагийн ажилтны хөдөлмөрийн харилцаа, ээлжийн ажлын цагийн зохицуулалт, илүү цагийн хязгаарлалттай холбоотой хүндрэл үүсэж байгааг хэлсэн бол “Оюу толгой” компанийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох, илүү цагийн тооцооллын нэг мөр ойлгох талаар саналаа илэрхийллээ.
ХААН банкны Хүний нөөц, захиргаа удирдлагын газрын захирал Н.Ариунтуул “Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бичиг баримт, гэрээ зэргийг заавал хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлага тулгардаг. Үүнийг цахим гарын үсэг ашиглан, гэрээг цахимаар байгуулах, гэрээс ажиллах, зайнаас ажиллах зохицуулалтын нарийн зааг ялгааг тодорхойлох шаардлагатай” байгааг дурдаад нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл нь хүний эрхийг хүндэтгээгүй, хэрэгжих боломжгүй заалт” гэв.
“М-Си-Эс проперти" ХХК-ийн Хуулийн ахлах зөвлөх Э.Банзрагч “Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахдаа харилцан хамаарал бүхий бизнес эрхэлдэг компаниуд сул зогсох үедээ өөр хоорондоо ажиллах хүч нийлүүлж ажиллуулах боломжийг хязгаарласан, уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах талаар зохицуулсан нь газар тариалан, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарын ажилтнуудын уртын ээлжээр ажиллахыг хязгаарласан зохицуулалт болсон, уртын ээлжээр ажилладаг ажилтны нөхөн амрах хугацааг тодорхой заагаагүй, уртын ээлжээр ажиллах хугацааг 14, 14 хоног хэмээн хатуу тогтоож өгсөн нь ажиллах, амрах хугацааг талууд харилцан тохиролцож, Хөдөлмөрийн гэрээгээрээ зохицуулах боломжийг хааж байгаа” гэлээ.
Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног болсноос шалтгаалж, орон тоогоо нэмсэн ч ажиллах хүчний хомсдолд орох болсон, ажилтны хувьд цалин хөлсний орлого буурсан зэрэг ажилтан, ажил олгогч талуудад хохиролтой үр дагавартай байгаа учраас уян хатан, талууд гэрээгээрээ зохицуулдаг болох, уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын ээлжийн амралтыг нарийвчлан зохицуулах, үндсэн цалин бус дундаж цалин хөлсийг баримтлан нэмэгдэл хөлс, олговрыг тооцон олгож байгааг өөрчлөх зэрэг саналыг оролцогчдын зүгээс илэрхийлэв гэж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.
Сэтгэгдэл