НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид “Вакцин био бэлдмэлийн төв агуулах”-ын үйл ажиллагаатай танилцлаа
НҮБ-ын Хүүхдийн сан нь Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн банктай хамтран эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг сайжруулах зорилгоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн дэргэд “Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулах”-ыг 2021 онд барин ашиглалтад оруулсан билээ.
Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Глобаль Инноваци хариуцсан захирал Томас Давин, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, Вакцин Био бэлдмэлийн төв агуулахын үйл ажиллагааг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан энэ үеэр “Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран маш олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд вакцин, вакцины дагалдах хэрэгсэл нийлүүлэлт, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, хүний нөөцийг чадавхжуулах, эрсдэлийн харилцаа холбоог зохицуулах тал дээр хамтран ажиллахаас гадна коронавирусийн цар тахлын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус тус хамтран ажилласан.
Өнөөдөр бидний ажиллаж буй “Вакцин био бэлдмэлийн төв агуулах” нь энэ ажлын томоохон гэрч гэж хэлж болно. Тус агуулахдаа бид товлолт вакцины дагалдах хэрэгслүүдийг бүх төрлийн хадгалалтын горимоор нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон бусад албаныханд талархал илэрхийлье” гэдгийг онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Глобаль Инноваци хариуцсан захирал Томас Давин болон суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан энэ үеэр “НҮБ-ын Хүүхдийн Сан нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсад товлолт вакцинуудыг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр энэ ажлын хүрээнд хийгдсэн “Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулах”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Бидний ажил үр өгөөжөө өгсөнд баяртай байна. Цаашид олон төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах болно” гэв.
ХӨСҮТ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр:
-Вакцины дагалдах хэрэгслийн нийлүүлэлт
-Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт
-Хүний нөөцийг чадавхжуулах
-Эрсдэлийн харилцаа, холбоо
-Вакцины нөөцийн бүртгэлийн програм
-"Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалт зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэжээ гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Сэтгэгдэл