Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.

Тус наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Зохион байгуулах хорооноос баталсан таван бүлэг, 61 зүйл, 291 ажлын хүрээнд бэлтгэлийг хангаж буй юм. Наадамд Зүүн Азийн есөн Үндэсний Олимпын хороо оролцохоос одоогийн байдлаар албан ёсоор Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хонконг, Макао, Тайвань Улс оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд 1000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 430 орчим зочин оролцохоор байна. Мөн тэмцээн зохион байгуулах есөн байгууламжаас наймтай нь хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэн, хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэмцээний төрөл тус бүрд тамирчдад анхан шатны тусламж үзүүлэх эмч, эмнэлгийн ажилтны баг, үзэгчдэд эмнэлгийн тусламж үзүүлэх олон нийтийн эмч, байгууламж бүрийн гадна талд түргэн тусламжийн үйлчилгээний баг ажиллана. Мөн допингийн дүрэм ёсоор тамирчдаас 200-250 допингийн шинжилгээ авах бөгөөд 106 хүн хянагчаар ажиллах юм. Сайн дурын ажилтнаар дотоодын 2650, гадаадын 157 хүн бүртгүүлж, сонгон шалгаруулалтыг эхэлжээ. Тус наадам нь бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд оролцогчид нь 18 хүртэлх насны хүүхдүүд учраас аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг ч зохион байгуулагчид хэлж байлаа. 

Мөн төсвийн асуудал хүндрэлтэй байгааг хэлж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Энэ бол улсын нүүр царай болох том арга хэмжээ. Мөн эх орноо сурталчлах гэх мэт давуу тал үүснэ. Тамирчдыг дагаж жуулчид ирдэг” гэдгийг онцлоод дээрх асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэлсэн юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, төсвийн асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа