Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сард “Иргэн Д гэгч нь 2020 оны 08 дугаар сараас хойш сураггүй алга болсон” тухай мэдээлэл бүртгэгдсэн.

Уг мэдээллийг шалган шийдвэрлэх, эрэн сурвалжлах ажиллагааг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс явуулж, эрэн сурвалжилсан иргэн олдоогүй учир гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилж буй этгээдийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоотод нэгжлэг хийх саналыг Прокурорт хүргүүлэн зөвшөөрөл авч, нэгжлэг хийх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр прокурор, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нарыг оролцуулан явуулсан.

Нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад бүтээлэг, хөнжил зэрэгт ороосон хүний цогцос гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “М” гэгч нь 2020 оны наймдугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч “Д” гэгчтэй маргалдан, улмаар амь насыг нь хохироож, “О” гэгчтэй хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийж, шороогоор дүүргэн булж, нуусан болохыг тогтоон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан.

Эрдэнэт хүний амь насыг хохироон, цогцсыг нь нуусан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ийнхүү 2 жил 8 сарын дараа илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа