Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн санаачилгаар Монгол Улсад анх удаа “Лабораторийн мэргэжилтний долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.

Өчигдөр нээлтээ хийсэн энэ арга хэмжээг анх 1975 онд АНУ-д “Medical Laboratory Professional Week” буюу “Labweek” болгон зохион байгуулснаас хойш дэлхийн олон оронд лабораторийн мэргэжилтнүүдийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор эхлүүлсэн гэдэг. Үүнээс хойш хүрээгээ тэлсээр жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг лабораторийн мэргэжилтнүүдийн өдрүүд болсон юм билээ. “Labweek” болгон 48 дахь жилдээ тэмдэглэж буй энэ арга хэмжээнд Монголын лабораторийн мэргэжилтнүүд энэ жилээс ийнхүү нэгдэж буйг Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч анагаах ухааны доктор Ж.Саранцэцэг танилцуулж байсан.

Анх удаа зохион байгуулж буй “Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-т улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн лабораторийн 350 гаруй эмч мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд гурван өдрийн турш туршлага мэдээлэл солилцохын хамт эрдэм шинжилгээний хурал зохион бйагуулж шилдэг илтгэл, эрдмийн ажлыг шалгаруулах юм.

“Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийг санаачлан зохион байгуулж буй УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал арга хэмжээний нээлтийн үеэр “Сүүлийн үед анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаагийн цаана далд фронтод таамаглах эмч мэргэжилтнүүд ажилладаг. Аливаа өвчнийг таамаглах, оношлох, үгүйсгэх, менежмент хийх, тарилга тодорхойлох зэрэг бүхий эмнэл зүйн ард лабораторийн үйл ажиллагаа байдаг. Сүүлийн үед манай эмнэлэгт шинээр нэвтэрч байгаа эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах, ясны чөмөг, элэг, бөөр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн эмчилгээний шинэ аргуудын гол цөм нь лабораторийн үйл ажиллагаан дээр тогтдог. Тиймээс УНТЭ лабораторийн эмч мэргэжилтнүүддээ онцгойлон анхаарч ажилладаг юм.

Манай лабораторийн хэсэг 1936 онд анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, оношилгооны шинэ арга, технологийг нэвтрүүлэн маш олон өвчнийг оношлох, өдөр тутмын эмнэл зүйн үйл ажиллагаанд оролцохоос гадна улсын хэмжээнд лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургадаг томоохон бааз болсон билээ” хэмээгээд олон улсад уламжлал болсон томоохон арга хэмжээг Монгол Улсад анх санаачлан зохион байгуулж байгаа Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн хамт олонд болон Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбооныхонд талархал илэрхийллээ.

“Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийн хүрээнд ЭМЯ-ны дэргэдэх лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичиг А.Баярзаяа “Төрөөс эрүүл мэндийн лабораторийн талаар баримталж буй бодлого, тушаал шийдвэрүүд”, ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболд “ЭМДЕГ, Оношийн бүлгийн санхүүжилт-Эрүүл мэндийн лаборатори”, Үндэсний итгэмжлэлийн төвийн БХЗГ-ын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа “Монгол Улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн лабораториудын ISO стандартууд болон итгэмжлэлийн байдал” зэрэг чухал сэдвээр оролцогчдод мэдээлэл өгөхөөс гадна эрдэм шинжилгээний 67 ажил, 24 лекцийг сонсч, хэлэлцэн шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа