- Сэтгүүлч
- 2023/05/03
- 236
ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.
Тэрбээр Монголын төр, засаг ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад ихээхэн анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.
Мөн нэгэн зууны түүхтэй харилцааг хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр, бодит ажлаар бататгах чин эрмэлзэл байгааг онцлов.
Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс нь ОХУ-ын хамгийн ойрын хөршөөс гадна гол түнш орны нэг гэдгийг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Тухайлбал байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэх замаар орчин үеийн ложистикийн шаардлага хангасан төмөр замтай болгох, шинэ шугам барих зэрэгт анхаарахаа хэлэв.
Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хилийн боомтуудын хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, хүмүүнлэг, соёл, боловсрол, залуучуудын харилцан солилцоо, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сэтгэгдэл