МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны урилгаар Бээжин хотноо айлчлав.

Айлчлалын хүрээнд МҮОХ-ны төлөөлөгчдийг БНХАУ-ын “Сүүнг Чинг Линг” сангийн Дэд ерөнхийлөгч ноён Юү Чүн хүлээн авч уулзлаа.

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг уулзалтаар халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, өсвөр, залуу тамирчдыг хамтарсан бэлтгэлд тогтмол хамруулж, харилцан туршлага солилцох, өвлийн спортын төрлүүдийг Монгол улсад түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцов. Мөн Ханжоу Азийн наадмын үеэр монгол соёл, өв уламжлалыг сурталчилсан “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхийг зорьж буйг дурдав.

“Сүүнг Чинг Линг” сангийн Дэд ерөнхийлөгч Юү Чүн тодорхой спортын төрлүүдээр хамтарсан бэлтгэл хийх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бидний хувьд нээлттэй байна. Сангийн зүгээс залуучуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран дэмжиж ажилладгаа илэрхийлэн Ханжоу Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсэв.

Дашрамд дурдахад “Сүүнг Чинг Линг” сангийн үйл ажиллагааны хүрээнд 2019 оны тавдугаар сард "Афин-2004", "Бээжин-2008" олимпын аварга Жан Нин, "Лондон-2012", "Рио-2016" олимпын аварга Фү Хай Фэн, 2011 оны дэлхийн аварга, "Лондон-2012" олимпын мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй алдарт өдөн бөмбөгчид манай улсад хүрэлцэн ирж, бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчилсан билээ.

БНХАУ-ын “Сүүнг Чинг Линг” сан нь 1986 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд болон залуучуудад түлхүү чиглэсэн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Энэхүү сан нь БНХАУ-ыг анхлан байгуулагчдын нэг, 20 дугаар зууны дэлхийн “аугаа” 100 эмэгтэйн нэгээр тодорсон, бүхий л амьдралынхаа турш нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа өрнүүлсэн Сүүнг Чинг Линг-ийн нэрээр нэрлэгдсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа