Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн  алба, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс хамтран “УРЬТАЖ УХААР”  замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд дурдсанаар,

Сүүлийн 5 жилийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас 500 хүн нас барж, 3400 хүн гэмтсэн байна. Мөн энэхүү судалгаанаас харахад, сүүлийн 5 жилд зам тээврийн ослын улмаас 581 явган зорчигч, 865 тээврийн хэрэгслээр зорчигч, 10 унадаг дугуйгаар зорчигч амь насаа алдсан байна.

2023 оны эхний улирлын байдлаар 7275 зам тээврийн осол бүртгэгджээ. Бүртгэгдсэн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоо нь амь насаа алдсан бол 311 насанд хүрсэн хүн гэмтэж, түүнээс 70 нь амь насаа алджээ. Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна.

Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг 2022 онд Үндэсний Статистикийн хорооноос танилцуулсан байдаг. Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2021-2030 оны төлөвлөгөөнд 2030 он гэхэд зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөн, тусламж үйлчилгээг сайжруулж, зам тээврийн ослыг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.

Энэ зорилтын хүрээнд явган зорчигч, унадаг дугуй, тээврийн хэрэгслээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нөлөөллийн "УРЬТАЖ УХААР" аяныг 2023 оны тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж, жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах ажлыг өчигдөр буюу тавдугаар сарын 15-наас эхлүүллээ.

Түүнээс гадна нийслэл Улаанбаатар хотод цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад энэ төрлийн сургалт, нөлөөллийн арга  хэмжээг идэвхжүүлээд байна.

“Урьтаж ухаар” нөлөөллийн аяныг өрнүүлснээр нийслэл Улаанбаатар хотод төдийгүй хөдөө, орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулах, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх цаашлаад эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чухал нөлөөтэй гэдгийг албаны хүмүүс онцлов.

Эх сурвалж: ЗТХЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа