Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах "Шүүр” ажиллагааны хүрээнд гадаадад бүгээд байсан нөхдийг шүүрдээд эхнээс нь баривчлан авчраад байгаа.
Харамсалтай нь гадаадад байгаа ШИМЭГЧДЭЭС илүүтэй дотоодод байгаа нөхдийг олж харахгүй байгаа нь эмгэнэл.
Үүний нэг тод жишээ болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад хууль бусаар томилогдсон Э.Саранбаатарын талаар өгүүлье.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг ноён Э.Саранбаатар гэж дархлагдсан айхтар нөхөр байна. Эрүүгийн гэмт хэрэгтэн энэ нөхөр Сэлэнгэ аймгийн хуучин Засаг ноён Ш.Оргилын тушаалаар сумын засаг болсон нэгэн. Анхнаасаа л сумын засаг дарга болох шалгуур хангахгүй нэгэн байсан нь дараах баримтуудаар нотлогдоно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуул (2020 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан)-ийн 26 дугаар зүйл (Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна)-ийн 26.5.2 (төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх) гэх заалт, Мөн хуулийн 26.5.5 (ялгүй байх) гэх заалтуудыг тус тус зөрчин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад нэр дэвшигч Э.Саранбаатар нь болзол шаардлагыг илт хангаагүй, төрийн албанд нэг ч удаа ажиллаж байгаагүй, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоолоор ял шийтгэгдэж байсан нэгэн аж. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 05/12746 дугаартай албан бичиг, мөн газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05/13120 дугаартай дүгнэлт зэргээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг даргад нэр дэвшүүлсэн Э.Саранбаатар гэгч нь сумын засаг даргаар томилох болзол, шаардлагыг хангахгүй байгаа талаар мэдэгдсээр байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил уг албан бичгийг нуун дарагдуулж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б/81 дугаартай хууль бус захирамж гарган түүнийг засаг даргаар томилсон байдаг.
Бөх барилддаг байснаас өөр түүхгүй, эрүүгийн хэрэгтэн Э.Саранбаатарыг Сэлэнгэ аймгийн одоогийн засаг дарга Н.Лхагвадорж 2022 оны 05 дугаар сарын 04 нд ажлаа хүлээлгэн өгөх талаар албан бичиг хүргүүлсэн ч өнөөг хүртэл ширэн нүүрлэн, ажлаа, тамгаа өгөхгүй гүрийсээр байна.
Эрүүгийн хэрэгтнээр удирдуулсан Зүүнбүрэн сумын 3000 гаруй ард иргэд хөөрхий.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа