- Сэтгүүлч
- 2023/07/04
- 233
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд асан Ё.Сүгагийн бэлэг Акита үүлдрийн нохойг хүлээн авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долоодугаар сарын 03-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эндо Такашиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки байлцав.
Энэ үеэр ноён Т.Эндо Япон Улсын Ерөнхий сайд асан Ё.Сүгагийн бэлэг Кизүна хэмээх Акита үүлдрийн нохойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулан өглөө. Кизүна нь гурван сартай эр гөлөг бөгөөд түүний нэр эв эеийн холбоо гэсэн утгатай юм байна. Ерөнхий сайдыг "Токио-2020" зуны олимпын нээлтэд оролцох үеэр гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж, цар тахлын хүнд нөхцөлд олимпын наадам зохион байгуулах түүхэн сорилттой үед хүрэлцэн ирсэнд талархан, эв найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож, Акита үүлдрийн нохой бэлэглэхээ илэрхийлсэн юм. Тухайн үед цар тахлын халдварын эрсдэлээс сэргийлж тус үүлдрийн нохойны чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлж байв.
Тус үүлдрийн нохой нь Акита муж орчмоос гаралтай бөгөөд Японы ардын уран зохиол, үлгэр, тууж, урлагийн бүтээлд үнэнч байдал, эр зориг, хүч чадлын бэлгэдэл болгон дүрсэлсээр иржээ. Эзнээ 10 жил хүлээж, Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөн дээр хөшөө болон мөнхөрсөн домогт Хачико нохой Акита үүлдрийнх аж.
Мөн Хачико нохойны 100 жилийн ой тохиож байгаа 2023 онд энэхүү үйл явдал давхцаж буйгаараа бэлгэшээлтэй гэж Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Эндо хэллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл