УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2023 оны долоодугаар сарын 05-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулав. Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа удирдан явууллаа.

Хяналтын сонсголд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны Гэр бүлийн бодлого хэрэгжүүлэх зохицуулах газрын дарга Баярмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Э.Энх-Эрдэнэ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн бодлого зохицуулалтын хариуцсан мэргэжилтэн Ж.Азжаргал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нарангэрэл, Ерөнхий боловсролын бодлогын удирдлагын зохицуулалтын газрын дарга Б.Гантулга, Цахим хүчинд харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга С.Нямдорж, мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах шинжээч Ө.Энхмаа, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Золжаргал зэрэг албаны хүмүүс, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг, хүүхдийн эрхийн судлаач С.Энхтуяа, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Хүүхэд хамгаалал, оролцоо” хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Даваасүрэн, “Монголын сургуулийн нийгмийн ажилтны холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхжаргал, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу” холбооны тэргүүн Э.Дуламсүрэн, Өсвөр үеийнхний хөгжлийн төвийн тэргүүн Д.Энхтуяа, “Саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Бат-Очир, Монгол Улсын Боловсролын их сургуулийн ахлах багш Х.Өлзийтунгалаг, “Манай гэр” асрах төвийн тэргүүн Н.Гаамаа, Анар зуслангийн Ариунбат, Болорцэцэг, Арсланбат зэрэг олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, хувь хүмүүс оролцлоо.

Хяналтын сонсголын эхэнд Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр нар мэдээлэл хийсэн юм.

Хүний эрхийн Үндэсний комисс жил бүр гаргадаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-дээ хүүхдийн эрхийн талаарх санал, зөвлөмж тусгаж ирсэн байна. Энэ онд Улсын Их Хуралд хүргүүлсэн 22 дахь илтгэлд, стандарт хангахгүй ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинэчлэх, гадна болон дотор орчны аюулгүй байдал, хоол хүнс, цэвэр усны хэрэглээнд эцэг, эхийн оролцоотой хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгах, дотуур байрын багшийг ерөнхий боловсролын сургуулийн багштай дүйцүүлэх, туслах, эмч, сэтгэл зүйч, тогооч, жижүүр, үйлчилгээний ажилтны орон тоог баталж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэднийг тусгайлан чадавхжуулах, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах зэрэг санал, зөвлөмж өгсөн байна. Мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны төсвийг шийдвэрлэх, холбогдох төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх, хорих ялыг хойшлуулсан хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангах, хяналт тавих горимыг тодорхой болгох, гэрч, хохирогч хүүхдийн ар гэртэй ажиллах асуудлаар санал, зөвлөмж өгчээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хүний эрхийн Үндэсний комисс хүүхдийн хамгаалуулах эрхийн хүрээнд хамтарсан багийн үйл ажиллагаа, нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр, хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо, ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлтийг Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Тус комисс хяналт шалгалтынхаа дүнд хүүхэд орхигдсон, хамгаалуулах эрх нь зөрчигдсөн, хүүхэд хамгаалах тогтолцоо ажиллахгүй, үр дүнгүй, яаралтай өөрчлөх шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ.

Дараа нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг мэдээлэл хийв. Түүний мэдээлснээр, 2022 онд гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирч, 1258 гэмт хэрэгт хүүхэд оролцож, 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон, 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан байна. Мөн 205 хүүхэд бэлгийн, 117 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болжээ.  Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороогоор 1491 хүүхэд үйлчилгээ авсан байна.

2021-2022 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний журам, норматив зардал, санхүүжүүлэх аргачлалыг батлуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагын магадлан итгэмжлэх журмыг шинэчилсэн байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны журам, Хүүхэд асрах хувь хувилбарт үйлчилгээ үзүүлэх журмыг шинэчилж, холбогдох хуулиудыг дагалдаж гарсан 50 орчим дүрэм, журам, найман стандартын хэрэгжилтийг хангаж байгаа талаар тэрбээр танилцуулав.

Хүүхэд хамгааллыг Шуурхай тусламжийн, Хамгаалах, нөхөн сэргээх, Урьдчилан сэргийлэх гэсэн гурван түвшний үйлчилгээгээр явуулж буй юм. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд нийт 111326 дуудлага ирснээс Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 9294, шийдвэрлэсэн кэйс 6670 бол 2023 оны эхний хагас жилд нийт дуудлага 74923, Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 6894, шийдвэрлэсэн кэйс 3942 байна

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэлдээ 2023 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэгт одоо 990 хүүхэд хохирсон талаар дурдлаа. Тэдний 33 нь нас барж, 364 хүүхэд гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнд зургаан хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос 3 хүүхэд нас барж, 44 нь гэмтжээ. Сураггүй алга болсон гэх 599 хүүхдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжлилж, 585  хүүхдийг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, цагдаагийн байгууллагын судалгаа, хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих хяналтыг сайжруулах зорилгоор хүүхэд хамгаалал ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлд 1572 хүүхдийг бүртгэсэн байна. Улмаар эрсдлийг арилгах хүртэл хяналтыг хэрэгжүүлжээ.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын 21 түр байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, энэ оны эхний зургаан сарын байдлаар 960 иргэнд үйлчилсний 148 нь насанд хүрсэн эмэгтэй, 811 нь хүүхэд, нэг нь насанд хүрсэн эрэгтэй байна.

Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ЕТусламж системээр хяналт шалгалтыг бол зохион байгуулж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хүүхдийг бэлгийн аливаа хүчирхийллээс өөрийгөө хамгаалах чадвар эзэмшүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт хүрэхүйн тухай ойлголт, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох, 9-12 дугаар ангийн сурагчдад бэлгийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр нэмэлтээр оруулахаар ажиллаж байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, залилах зэрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаарх хувийн мэдээллийг агуулсан веб хуудас нээж, иргэд, олон нийтэд ил болгох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, захиргааны хяналт тавих ажилд ашиглаж, ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусахад тухайн веб хуудаснаас мэдээлэл устгадаг байх ажлыг зохион байгуулахаар судалж байгаа аж.

АНУ-д сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах төвийн үйл ажиллагаанд ашиглагддаг Сайпер тип системийг Цагдаагийн ерөнхий газар ашиглаж эхэлжээ. Үүний үр дүнд энэ оны эхний хагаст давхардсан тоогоор нийт 7202 мэдээлэл бүртгэснээс цахим орчинд хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан агууламж бүхий контентыг хадгалсан, түгээсэн, борлуулсан, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нийт 269 мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хяналтын сонсголд тавьсан Хүний эрхийн Үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар асуулт асууж үг хэлэв. УИХ-ын гишүүд, хүүхэд хамгааллын анхан шатын нэгж болох хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, үр дүн гаргах, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг сайжруулж, боловсролд нь анхаарах, хүхдийн эрхийг хамгаалахын тулд гэр бүлд нь байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг байх, төрийн байгууллагуудыг дахин инженерчлэхэд хүүхэд хамгааллын асуудлыг хамруулах, нийгмийн ажилтан бэлтгэх, ажиллах нөхцлийг сайжруулах, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувь иргэний байгуулсан асрамж, халамжийн төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, асрамжийн газраас насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хүүхэд хамгааллыг өөрсдөө манлайлж, үлгэрлэж ажиллах, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эцэг, эхийг үүрэгжүүлэх, энэ асуудлыг хариуцсан байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөв. Мөн Улсын Их Хурал, бусад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын ажлыг үр дүнд чиглүүлэх, төсөв санхүү, бүтэц зохион байгуулалтын талаар дорвитой өөрчлөлт хийх, хяналтын сонсголоос бодитой шийдэл гаргах талаар зарчмыг саналууд дэвшүүлсэн юм.

Анар хүүхдийн зуслан ажиллуулдаг, боловсролын байгууллагад 50 гаруй жил ажилласан Арсланбат гуай, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээнд хөрөнгө санхүүгийн хүндрэл, татвар шимтгэлийн дарамт их байгаад ярьсан юм.

Үүний дараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооноос сонсголд оролцохоор бүртгүүлсэн иргэд, төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн зарим асуултыг хяналтын сонсгол даргалагч танилцуулав.  Иргэн А.Жавхлантөгс, хууль тогтоогчид шийтгэл гэх үгийг хуульд оруулахдаа ямар утгаар хэрэглэдэг тухай, Монголын Саран ээж нийгэмлэгийн ерөнхий менежер Бат-Очир, хүүхдийн төлөө хөрөнгө хуримтлуулах хөдөлмөрийн баатруудын нэрэмжит сайн дурын санаачилгын тухай, хөдөлмөр амралтын зуслангийн дүрэм журам зааврыг аль яам хариуцах, хүүхдийг шагнаж урамшуулах ямар бодлого чиглэл байгаа тухай, хүүхдийн гэх тодотголтой 100 гаруй барилга байгууламж, зуслан үрэн таран болсныг хэрхэн шийдвэрлэх, Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг хэрхэн хийх зэрэг асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав.

Мөн хяналтын сонсголыг даргалан явуулсан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Гандантэгчинлэн хийдийн ламхай нар хүчирхийлэл, дарамтанд өртсөн асуудал үүссэн даруйд хүүхийн эрхийн талаар ажилладаг байгууллагууд ямар арга хэмжээ авч, хэрхэн ажилласан, одоо энэ асуудал аль шатандаа яваа талаар асууж тодрууллаа.

Эцэст нь УИХ-ын гишүүн П.Анужин, хяналтын сонсголын үйл ажиллагаа мэдээлэл солилцох байдлаар өрнөж байгааг дүгнээд, манай улс хүний хөгжил, ухамсар, ард иргэдээ соён гэгээрүүлж, төлөв төвшин зан байдлыг нийгэмд төлөвшүүлэх талаар онцгой анхаарах цаг нь болсныг дурдан, Нийгмийн бодлогын байнгын хороо оюун санаа, ухамсрын өөрчлөлтөд суурилсан сайн хуультай нийгмийг бий болгох асуудлыг авч хэлэлцэнэ, энэ талаар идэвхтэй ажиллахыг Засгийн газраас шаардаж ажиллана гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, бид том асуудлыг ирмэгээс мэрэх төдийгөөр өнгөрч байна гээд, тодорхой асуудлуудаар шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Хяналтын сонсголыг дүгнэж хэлсэн үгэндээ уг сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хүүхэд хамгаалах асуудлаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж, хяналтын сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа