Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2023 оны долоодугаар сарын 20-ны өдөр болж,“Дижитал хот” төслийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням танилцуулав.

Энэ хүрээнд Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжиж байгаа  юм. Цахим засаглалын хүрээнд найман төсөл хэрэгжиж байна. Тодруулбал, Хэсгийн ахлагчийн системээр нийслэлийн 204 хорооны 1900 орчим хэсгийн ахлагч 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж бүрдсэн. Харин Дижитал UB аппликейшнээр иргэд судалгаанд оролцох, нийслэлийн мэдээллийг цаг алдалгүй авах, өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээж, шийдвэрлэлтийг хянах боломжтой.

 “Онлайн бизнес төв”-өөр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй 220 гаруй үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Өдгөө тус систем рүү 564 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж хандаж, 15 мянга нь үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гарган, 10 мянга орчим нь зөвшөөрлөө баталгаажуулан, үйл ажиллагаа явуулж байна. E-school платформ нь сургуулиудын сургалтын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, суралцагчдад зайнаас суралцах боломжийг олгох, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсрол эзэмших үйл явцад оролцох нөхцөлийг бүрдүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн систем нь өрхийн эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг авахад цаг хэмнэх зорилготой. Энэ хүрээнд ухаалаг цаг ашиглалтын системийг хамгийн их ачаалалтай 140 өрхийн эрүүл мэндийн төвд нэвтрүүлснээр үзлэгийн цагийг цахимаар болон киоск төхөөрөмжөөр авах, эмч нарын ачаалал буурах зэрэг давуу тал бий болох юм.

Газрын зургийн суурь систем /ubmap.ulaanbaatar.mn/ нь Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь систем, замын ачааллыг хянах, маршрутыг төлөвлөх, тооцоолох боломжийг бий болгох бол Хяналтын дашбоард /сити дашбоард/ нь тээврийн хэрэгслийн зорчилт, явсан дундаж км, нийтийн тээврээр зорчигчид, товчоодоор орж, гарсан тээврийн хэрэгслийн тоо зэрэг дата мэдээллүүдийг үүсгэнэ.

Тэгвэл Зам, тээврийн нэгдсэн систем нь таван төслөөс бүрдэнэ. Тухайлбал, RFID уншигч төхөөрөмжийн дэд бүтцийн ажлын хүрээнд 455 төхөөрөмж суурилуулсан. Шалган нэвтрүүлэх товчоодын системийн хувьд найман товчоог камер болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Ингэснээр товчоодоор орж, гарах тээврийн хэрэгслийн мэдээллийн сан бий болж, зөрчил илрүүлэлт нэмэгдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн татвар,торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан байдал зэрэгт цахимаар хяналт тавих боломж бүрдсэн. Хяналтын камерын системийн хүрээнд 80 гаруй камер суурилуулжээ. Харин Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar” системээр жолооч, иргэд хийгээд зам, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, үйлчилгээ үзүүлэх юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажлуудаа эрчимжүүлж, үр дүн гаргах хэрэгтэйг онцолж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга цахим шилжилтийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа