Бага тойруу орчмын дулааны шугамын шинэчлэлийн ажил энэ долоо хоногт дуусна
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 19 байршилд дулааны 28 км урт шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж буй. Үүнээс Бага тойруугийн нийт 2600 метр шугам сүлжээг иж бүрэн сольж байгаа. Шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа газар дээр нь ажиллав.
Бага тойруу дахь магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүр хүртэлх 1.1 км шугамыг “Есөн талст оргил констракшн” ХХК, Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс МУБИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км шугамыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж байгаа. Харин Цэцэг төвийн баруун хойноос Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх 274 метр шугамыг "Хэмжил зүй" ХХК өргөтгөн шинэчилж байна.
"Хэмжил зүй" ХХК-ийн зөвлөх инженер Б.Батбаяр “Шугам өргөтгөн шинэчлэх ажил 90 орчим хувьтай, нөхөн сэргээлтийн ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна. График хугацаагаараа наймдугаар сарын 5-нд ажлаа дуусгаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг халуун устай холбоно. Энэ долоо хоногтоо багтаан ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Хуучин шугам, сүлжээ нь бараг 30 жилийн насжилттай болчихсон байсан. Тиймээс одоо шугам сүлжээгээ шинэчлээд авчихвал 25-30 жил хэрэглээний халуун усаар таслахгүй гэсэн үг. Мөн шугам сүлжээний шинэчлэл хийсэн тохиолдолд дор хаяж 10 жил зундаа ус тасалж, засвар хийх шаардлагагүй болно гэж мэргэжлийн байгууллагууд үздэг” хэмээлээ.
Бага тойруу орчмын шугам сүлжээний засварын ажлыг наймдугаар сарын 5-ны дотор дуусгаж, халуун ус өгнө. Харин тохижилт, нөхөн сэргээлтийн ажил есдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх юм. Шугам сүлжээний засвар шинэчлэл эхлэхээс өмнө Бага тойруу орчмын 700 гаруй аж ахуйн нэгж, СӨХ, контор, айл өрхүүдэд мэдээлэл хүргэсэн. Долоодугаар сард орсон их хэмжээний борооны улмаас ажил саатах, дулааны сувгийн тэвш /лотки/-нүүд усаар дүүрэх гэхчлэн асуудлууд үүсэж, хугацаа алдсан талаар албаныхан ярьж байлаа.
Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагаа баримтлан, явган зорчигчдыг аюулгүй зорчиход анхаарах, ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг шуурхай хийж, ажлаа хугацаанд нь дуусгах ёстойг анхааруулж байлаа. Түүнчлэн Бага тойруу орчимд хийж буй авто замын нөхөн сэргээлт, шинэчлэлтэй холбоотойгоор замын хар тос болсон нийтийн эзэмшлийн талбайг угааж, цэвэрлэхийг үүрэг болгосон юм.
Сэтгэгдэл