Сяньбигийн үеийн бунхант булшны малтлага судалгаа хийв
МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Гавилуй уулын баруун бэлд 18 тооны бүлэг оршуулгын дурсгалыг анх бүртгэн баримтжуулж, 2021 онд анхны малтлага судалгааны ажлаа гүйцэтгэн Сяньбичүүдийн үлдээсэн дурсгал болохыг тодорхойлсон билээ.
Тус судалгааны анги өнгөрсөн онд буюу 2022 оны 6 дугаар сард 2 бунхант булшийг сонгон малтан судалж Монгол нутгаас урьд өмнө олдож байгаагүй бүтэн бугын тахилга зэрэг 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан бол энэ жилийн малтлага судалгааг аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр 6 дугаар сарын сүүлчээр эхлүүлж 8 дугаар сарын эхээр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ сарын 01-ний өдөр малтлагын үр дүнг буюу малтлагаас илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүнд анхан шатны бэхжүүлэлт хийж сэргээн засварлах, мөн шавьжны судалгааг хэрхэн хийж буйг аймаг орон нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэдэд үзүүлж, эртний түүхийн үнэ цэн, судалгааны ач холбогдол, ирээдүйн үр өгөөжийн талаар танилцууллаа.
Төслийн ахлагч Т.Идэрхангайн тайлбарласнаар: -Дурсгалт газрын хөрс нь ихээхэн өвөрмөц бөгөөд тус газрыг сяньбичүүд маш сайн сонгож оршуулга үйлдсэн нь энэ газрыг түшиглэсэн түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжийг олгож байна гэв. Тэрээр цааш нь бид энэ жил том хэмжээтэй хоёр булшийг сонгон судалсан. Зүүн урагш хандсан үүдтэй 9 дугаартай бунхант булш нь эрт үед тоногдсон хэдий ч эртний түүх, тэр дундаа Сяньбичүүдийн түүхэнд урьд өмнө илэрч байгаагүй онцгой өвөрмөц олдворуудтай байна.
Харин баруун хойш хандсан үүдтэй 7 дугаартай бунхан нь тоногдоогүй бүтэн байсан хэдий ч язгууртны хоёр авс хоосон байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь тухайн үеийн түүх, соёлыг судлахад онцлог хэрэглэгдэхүүн боллоо. Уг бунханд язгууртны 2 оршуулгаас гадна үүдэнд нь зарц, бараа бологсод байх магадлалтай босоо болон хагас суугаа байдалтай хоёр хүний бүтэн шарил, дал, 4 өндөр тавьсан байна. Мөн дорго, шувуу зэрэг ан амьтад, бод мал байна. Малтлагаар олон тооны сонгодог хэлбэрийн шавар ваарнууд бүтнээрээ олдсон нь ховор тохиолдол бөгөөд анхны байдлаараа байгаа нь ихээхэн онцлогтой юм.
Энэхүү бүлэг дурсгал нь Айрагийн гозгорын дурсгалтай гадаад болон дотоод зохион байгуулалтаараа ерөнхийдөө ижил ч зарим талаараа гадаад зохион байгуулалтын хувьд Айрагийн гозгорт байхгүй хэв шинжтэй, өвөрмөц зохион байгуулалттай байна. Зарим булшнууд нь хэмжээний хувьд Айрагийн гозгор дахь булшнуудаас том байгаагаараа онцлог.
Энэ оршуулгын дурсгалт газар нь СЯНЬБИЧҮҮД-тэй холбоотой Монгол нутгаас илрэн олдоод буй 2 дахь том оршуулгын газар болохоороо түүхэн чухал ач холбогдолтой учир дээрх бүх судалгааг нэгтгэн шинэ бүтээл туурвих, олон нийтэд танин мэдэхүйн мэдлэг олгох, баримтад кино хийх, өвөг дээдсийн түүхийг бодит баримтад тулгуурлан дэлхий дахинаа сурталчлан таниулах зэрэг ажлыг хийх нь зүйтэйг онцлов.
Малтлага судалгаанд тулгуурлан дурсгалт газар дээр хээрийн ил музей байгуулах урьтач нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, эх орны түүхийг хойч үедээ үнэн зөвөөр нь өвлүүлэн үлдээх зорилготой тус судалгааны ажлыг цааш үргэлжлүүлэхийг орон нутгийн удирдлагууд дэмжиж байгаа бөгөөд ирэх жил тодорхой дэмжлэг үзүүлнэ гэв.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар
Сэтгэгдэл