БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай “өглөөний уулзалт” хийж байна
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантай хийж буй ээлжит “Өглөөний уулзалт”-аар Монголын уул уурхайн ассоциацитай уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уулзалтад Уул уурхайн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл, БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл, ХБОБЗГ-ын дарга Б.Буяннэмэх, БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг, Үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх болон холбогдох бусад газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцож байна.
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлд хамтран ажиллана.
-Талууд нь Эрдэс баялгийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Байгаль орчны багц хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль бус уул уурхайтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах;
-Талууд нь эрдэс баялгийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй байгаль орчны асуудлаар хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах;
-Байгаль орчны салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, шинэчлэх, хуулийн төсөл боловсруулах, түүнд хувийн хэвшлийн санал тусгах;
-МУУҮА нь өөрийн гишүүн байгууллагуудаас гарсан санал санаачилга, аливаа асуумжийг нэгтгэн БОАЖЯ-д уламжлах, шийдвэрлэхэд хамтран ажиллах;
-Эрдэс баялгийн салбарын Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр уулзалт, арга хэмжээг зохион байгуулах
-Орон нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллага гэх мэт нийгмийн тал бүрийн оролцогчдод уул уурхайн салбар ба байгаль орчны нөлөөлөл, байгаль орчны салбарын хууль тогтоомж болон бодит үр нөлөөг таниулахад чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах,
-Талууд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг харилцан солилцох замаар нөгөө талынхаа үйл ажиллагаанд тус дэм болох;
-Салбар дундын төсөл, хөтөлбөрт талууд бие биеэ дэмжин оролцож, хамтран ажиллах юм гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл