П.Оюунцэцэг: Тусламж үйлчилгээний ачааллыг зохицуулах шаардлага байгаа
Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хандсан иргэд 13А маягттай холбоотой бухимдлаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж, тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй боллоо гэсэн шүүмжлэл их гарч байгаа тул энэ асуудлаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-13А маягттай холбоотой асуудлаар иргэд төдийгүй эмч нар ч янз бүрийн байр суурь илэрхийлж байна. 13А маягт авч эмнэлэгт хандах нь цоо шинэ зүйл биш биз дээ?
-Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцооны баримтыг бид 13А маягт гэж нэрлээд байгаа юм. Энэ нь шинэ юм биш. Манай улс өрхийн эрүүл мэндийн тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 2000 оноос энэ журам үйлчилж байна.
Иргэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага өрхийн ЭМТ-өөс яаралтай тусламж үйлчилгээг авч, тэнд үзүүлэх боломжгүй бусад үйлчилгээг дараагийн шатлалын эмнэлгүүдээс авахаар зохицуулагдсан. Энэ журмын дагуу өрхөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг, гуравдахь шатлалын буюу төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд рүү өвчтөн илгээхдээ 13А маягтыг ашигладаг.
Олон улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх бодлого буюу хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, өвчнийг эрт илрүүлж, оношилж, эдгээе гэх болсон. Гэтэл манайд хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа эмнэлэгт хэвтэхийг илүүд үздэг, ийм сонирхол давамгайлдаг. Манай эрүүл мэндийн салбарт ч өнгөрсөн зуун жилийн турш өвдсөн хойно нь тусламж үзүүлэх хандлага өндөр байсныг өөрчлөх эрүүл амьдрах, эрт илрүүлэх тал дээр анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх шаардлага гарч байгаа. Үүнд нийцүүлэх, хоёрдахь, гуравдахь шатлалын эмнэлэгт үүсээд байгаа тусламж үйлчилгээний ачааллыг анхан шат руу хуваарилах зорилгоор 13А маягтыг шаардаж байгаа юм.
-Энэ маягтгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байж болохгүй юу. Цахимжуулсны давуу тал гэж байна уу?
-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд рүү 13А маягтгүй шууд хандахад нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд хүлээгдэх, чирэгдэх асуудал гарч байгаа. Гуравдугаар шатлалын эмнэлэгт ирэх шаардлагагүй иргэд ихэнх цагийг нь аваад, эмч нар ч нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ гэхээсээ анхан шатанд үзээд оношлоод эмчлэх боломжтой хүмүүстэй ажиллах асуудал гарч байгаа учраас 13А маягт буюу эмнэлэгт өвчтөн шилжүүлэх тогтолцоог ашиглаж байна.
Өмнө нь энэ маягтыг цаасан хэлбэрээр авдаг байсныг цахимжуулснаар өрхийн эмнэлэг иргэндээ үзүүлэх тусламж үйлчилгээг өгч чадаж байна уу, өвчтөнөө зөв оношилж төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон хоёрдахь шатлал руу илгээж байна уу гэдэг нь цахим хяналтад орж байгаа юм.
Иргэд гуравдугаар шатлалын эмнэлэг дээр очоод 13А хэрэгтэй гэхээр өрхийн эмнэлэг рүүгээ яриад цахимаар 13А маягт явуул гэж нэхдэг. Гэтэл өрхийн ЭМТ анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх биш 13А маягтыг дамжуулах төдий байгууллага байж болохгүй биз дээ.
-Иргэд өрхийн эмнэлэгт үзүүлж, оношлуулах боломж байгаа юу. Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт хандахаас өөр арга алга хэмээн бухимдаж байна шүү дээ?
-Өрхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чадавхижуулахад анхаарч байгаа. Өрхийн ЭМТ-үүдийг иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар хангадаг. Тиймээс цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ, зарим төрлийн түргэвчилсэн оношлуураар илрүүлэх боломжтой өвчлөлийг өрхийн ЭМТ-дөө хийлгэх боломжтой. Өрхөд хийх боломжгүйг нь хоёрдугаар шатлалын эмнэлэгт хийнэ. Харин компьютер томограф, MRI, биохими, эрдсийн ч гэдэг юм уу илүү нарийн шинжилгээг гуравдахь шатлалын эмнэлэгт хийж байгаа.
-Өрхийн эмнэлэг анхан шатны тусламж үйлчилгээгээ үзүүлж чадаж байгаа юу, эсвэл иргэдийг хоёр, гуравдугаар шатлал руу илгээх л үүрэг гүйцэтгэж байна уу гэдгийг хянах боломжтой юу?
-Бид өвчтөн шилжүүлэх тогтолцоон дээр анализ хийж үзсэн. Иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний 40 гаруй хувь нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт, 20 хүрэхгүй хувь нь анхан шатанд, үлдэх хувь нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамаарч байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гурвалжин гэж байдаг. Бусад улс орнуудад энэ гурвалжингийн суурь, хамгийн өргөн хэсэг нь анхан шатны тусламж үйлчилгээнд хамаардаг байхад манайд эсрэгээрээ гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ илүү зонхилж доошоо харсан гурвалжин хэлбэртэй харагддаг.
Ганцхан жишээ авъя. Өрхийн эмнэлэг жирэмсэн эмэгтэйг хяналтдаа авах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Тухайн жирэмсэн эмэгтэй ямар нэг байдлаар хавсарсан өвчтэй, эрсдэлтэй байгаа тохиолдолд аймаг, дүүрэг дээрээ хянуулна. Бүр их эрсдэлтэй тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг рүү илгээх ёстой юм. Иймээс өрхийн эмнэлэг илүү гэр бүл, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм.
Манай салбар чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоондоо тодорхой шинэчлэлтүүдийг хийж байна. Өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн л бол санхүүжилтээ авдаг тогтолцооноос татгалзаж, өвчтөн тухайн байгууллагаас авах ёстой чанартай тусламж үйлчилгээгээ авч чадсан уу гэдэг дээр санхүүжилт олгож эхэлсэн. Санхүүжилтийн энэ механизм анхан шатны тусламж үйлчилгээнд бүрдээд эхлэхээр өрхийн эмнэлэг иргэнээ үзэлгүйгээр шууд шилжүүлээд байх боломжгүйгээс гадна гуравдахь шатлалын эмнэлэгт хэт их ачаалал үүсгэж нөгөө талдаа иргэд хүлээгдэж байна уу гэдгийг цахимд оруулснаар хянаж эхэлсэн. Одоо мэдээллийн технологийн чадавхийг сайжруулах, программ хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
-Өмнө нь иргэд өрх рүү залгаж цаг аваад, гуравдугаар шатлалын эмнэлэг дээр зургаа авахуулаад, нарийн мэргэжлийн эмчээр үзлэгээ хийлгэчихдэг байсан. Одоо заавал өрхийн эмнэлэг рүүгээ яв гэж байна хэмээн бухимдаж байна. Ямар оношилгоо, эмчилгээ дээр 13А шаардахаар нэмж тусгасан бэ?
-Өвчтөн шилжүүлэх журам дээр яаралтай тусламж, хавсарсан өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тохиолдолд 13А маягт шаардахгүй.
Өрхийн эмнэлгээр дамжуулаад байгаа нь өрх дээрээ үзүүлээд, оношлуулаад, эмчилгээгээ аваад, өдрийн эмчилгээнд хамрагдаад явах боломжтой байхад гуравдахь шатлалын эмнэлэгт очиж үзлэг шинжилгээ хийлгэнэ гэх нь эргээд хэрэгцээ шаардлагатай өвчтөнүүдийг хүлээлгэж ачаалал үүсгэж байгаа учраас зохицуулж байна.
-Чих хамар хоолойн тасагт үзүүлэхэд нүдний эмчид хандаж, зураг авахуулах шаардлагатай болоход дахин 13А маягт авчрахыг шаардаж байна гэсэн байсан. Ийм зүйл байгаа юу?
-Энэ тохиолдолд мэдээлэл дутуугаас үүдсэн ташаа ойлголт байна. Нэгэнт 13а шаардахгүй өвчин дээр дахиад нүдний эмчид үзүүлэхээр тухайн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч байгаа тохиолдолд 13А шаардахгүй. Үзлэг эхлээд тухайн эмч иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээгээ тодорхойлохын тулд өөр төрлийн үзлэгийг хийх хэрэгтэй байгаа учраас ямар нэг бичиг шаардахгүй.
Бидний зүгээс өвчтөн шилжүүлэх журмыг боловсронгуй болгох явцад анхаарах хэрэгцээ шаардлага гарч байна. ӨЭМТ дээр ямар өвчлөл хамрагдах ёстой, өвчний оношоор гаргаж өгөх зэрэг олон байдлаар сайжруулна гэж үзэж байна.
Сэтгэгдэл